“Улаанбаатар Сонгдо” эмнэлэг өнгөрсөн оны тавдугаар сард “Зүрх мартахгүй” төслийг эхлүүлсэн. Энэ удаа Б.Болдсайхан эмчээр удирдуулсан “Хязгаараас чинад...” , "Зүрх мартахгүй" төслийн хамт олон  2700 км аялж Хэнтий, Дорнод аймгийн 20 сумын нутгаар том хүн, хүүхэд нийлээд 600 гаруй хүнд үзлэг хийжээ. Үүнээс 130 орчим хүүхэд болон том хүн хагалгаанд орохоор оношлогдоод байгаа ажээ. Тэд өдөрт багадаа 2-3 яаралтай хагалгаа хийж байгаа гэнэ.

 Очсон газар бүртээ сайн сайхныг түгээж, бусдыг манлайлж буй "Зүрх мартахгүй" төслийн тухай сонирхолтой мэдээллүүдийг хүргэе. 

  • Өнгөрсөн 2-ны өдөр  Хэнтий аймагт очих үеэр нь тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбат энэ жилийн наадамаар бөх, моринд их мөнгө, бай, шагнал өгөхгүй оронд нь Нутгийн зөвлөлтэй ярилцаж “Хязгаараас чинад...” багийн үзлэгээр яаралтай зүрхний хагалгаанд орох хүүхдүүдэд туслахад зориулахаар  болсон байна. 

  • Б.Болдсайхан эмч өнгөрсөн өвөл ходоодны хорт хавдараар өвчилж, эмчлүүлсэн. Ходоодныхоо 65 хувийг тайруулж, хоёр жилийн хугацаанд химийн эмчилгээ хийлгэхээр болж, эрүүл мэндийн хүндэтгэх шалтгаантай байгаа хэдий ч  "бяцхан зүрх" бүхний төлөө зүтгэсээр явна. Энэ тухайгаа тэрбээр "Амь амьдралаа зориулах эх оронтой, үрстэй, ээж аав, бүсгүйчүүдтэй, ард түмэнтэй, соёл, хэл, түүхтэй, нутагтай байх сайхан. Зөвхөн өөрийн төлөө, хувийн амьдралын төлөө, амь зуухын тулд амьдрах уйтай ..." гэжээ. 

  • Зүрхний төрөлхийн гажиг дэлхий нийтэд түгээмэл тохиодог баманай улсад ч мөн мэс засалд зайлшгүй орох шаардлагатай зүрхний гажигтай хүүхэд олон байдаг. Гэвч санхүүгийн байдлаас, ийм төрлийн мэс заслыг тогтмол олноор нь хийх боломжгүйн улмаас олон хүүхэд удаан хүлээх хэрэгтэй болж, эсвэл гадаадаас эмч, тусламжийн баг ирэхийг хүлээдэг байсан юм.

Эмч нараас маш их ур чадвар, цаг хугацаа шаарддаг тул өндөр зардалтай хагалгаа аж. Мэс засалд орохоор түгээмэл зорьдог БНХАУ-д 40-60 сая, Туркт 65-80 сая, Тайландад 50-100 сая, БНСУ-д 80-240 сая төгрөгөөр хийгддэг энэхүү томоохон мэс засалд дотооддоо хамгийн хямдаар орох боломжтой байгаа ч тэр болгон энэ мэс засалд орох боломж айл бүрийн хүүхдэд байдаггүй. Харин энэхүү төсөл тэдгээр хүүхдэд боломж олгож, эрүүл саруул болоход нь тусалж байна.Нэг мэс заслын зардал манай улсад хамгийн хямд буюу 10 сая төгрөг болдог.



  • 9 удаа хөдөө орон нутгийг тойрч, үзлэг зохион байгуулан 1000 гаруй хүүхдэд зүрхний нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр оношилж, 170 гаруй Бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэжээ. “Зүрх мартахгүй” төсөл 2027 он гэхэд 1,000 Бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэх зорилготой юм.