Хүүхдээ л эмчлүүлэх хүсэл, цөхрөл сүлэлдсэн гурван жил

Хүү зүүн гараа зүрхэндээ наан, алгуурхан эргэж харснаа инээмсэглэн, ээжийнхээ энгэр өөд зүтгэв. Цамцных нь цаанаас цухуйх боолт мэс засал хийлгэснийг нь илтгэнэ. Хүүгээ зөөлөн тэвэрч, элгэндээ наасан ээж нь “Хүүгийн минь бие овоо болж байна” гээд баяр, бахдал дүүрэн харав. Хүүгээ төрснөөс хойш өнөөг хүртэлх хугацаанд түүний нүдэнд ийм инээмсэглэл, баясал тодроогүй их уджээ. “Хүүтэй боллоо” гээд баяр хөөр дүүрэн суусан тэрхэн эгшинд “Зүрхний төрөлхийн цоорхойтой” гэсэн харамсалтай мэдээ угтсан гэнэ. Түүнээс хойш “Хүүгээ яаж эмчлүүлэх вэ? Мэс заслынх нь төлбөрийг хэрхэн олох вэ?” гэх бодол л Д.Цолмонтуяа болон түүний нөхрийн толгойд эргэлдэн өдрийн бодол, шөнийн зүүд болсоор гурван жилийг элээжээ. 

Хүүгийн бие үргэлж зовуурилна, таталт өгнө, амь нь тэмцэнэ, юм л бол бухимдаж уурлана. Өнөөг хүртэлх хугацаанд хүү нь бүтэн нойртой, амгалан унтсан шөнө түүнд хуруу дарам. Хүүгээ л эмчлүүлэх сэн гэж гурван жил эмнэлгийн үүд сахисан тэдний сүүлчийн найдвар нь “Зүрх мартахгүй” төсөл байж. Аврал эрсээр Б.Болдсайхан эмчтэй холбогдоход шууд туслан, хүүд нь мэс засал хийжээ. Хүүгийнх нь мэс засал амжилттай болж, бие нь өдрөөс өдөрт сайжран ээжийнхээ энгэрт эрхэлж байгаа нь энэ.

Бүтэн гурван жилийн хугацаанд хүүгээ л эдгээх сэн хэмээн цөхрөнгөө барж, арга нь мухардаж явсан Д.Цолмонтуяа “Хүүгээ л эмчлүүлэх цорын ганц хүсэл хань бид хоёрт байлаа. Хүү минь дауны синдромтой, байнгын асаргаанд байдаг тул би ажил хийх боломжгүй. Нөхөр минь барилга дээр ажилладаг. Улирлын чанартай ажил тул манайх тогтмол орлогогүй. 20 гаруй сая төгрөгөөр хүүгээ мэс засалд оруулах нь байтугай өнөө, маргаашаа яая гэж байлаа.”


“Хүүгийнх нь мэс засал амжилттай боллоо”

Цөхрөнгөө барж явахдаа “Зүрх мартахгүй” төслийн тухай фэйсбүүкээс уншсан. Эцсийн найдвараа болгон аврал эрж энэ сарын 24-нд Б.Болдсайхан эмчтэй фэйсбүүкээр холбоо барин, тусламж хүсэхэд тэр даруй хариу бичсэн. “Өнөөдөр 16:00 цагаас өмнө ирэх боломжтой юу? Ажлаа зохицуулаад хүлээж байя.” гэсэн. Би бөөн баяр. Хүүгээ хувцаслан, автобусанд суун яарсаар ирсэн. Б.Болдсайхан эмч хүүг минь үзээд “Нэлээд оройтчихож. Гэхдээ эмчлэх боломж бий. Шууд маргааш яаралтай мэс засалд ор” гэсэн. Аргагүй ээ, хүүгээ хэрхэн эмчлүүлэх учраа олохгүй гурван жил болчихсон юм чинь. 

Тэгээд хүүг минь шууд маргааш нь мэс засалд оруулсан. Эхний мэс засал амжилттай боллоо, хүү бид хоёр ёстой азтай. Эмч “Мэс засал амжилттай боллоо” гэхэд нь ёстой магнайгаа хагартал баярлалаа. Тийм сайхан мөчийг би хэзээ ч мартахгүй. Их баярласан хүн чинь юу хэлэх учраа олдоггүй юм байна. Тухайн үед сандарч, догдолсондоо эмчдээ “Баярлалаа” гэхээс өөр олигтой үг хэлж чадаагүй. Аав нь мөн бөөн баяр. 

Хүү минь алхаж чаддаггүй. Өнөөдөр хөл дээрээ зогссон гээд бод доо. Одоо хөлд орчихвол бүр сайхан даа. Үеийнхээ хүүхдүүдтэй хөөцөлдөж тоглоод, дэгдэж гүйхийг нь харах хувь заяа хань бид хоёрт байгаасай. 

Хүүгээ эмчүүлэх цор ганц хүсэл минь “Зүрх мартахгүй” төслийн ачаар биеллээ Бидэнд элэг бүтэн, аз жаргалтай амьдрах том боломж олгосонд баярлалаа. Хэрвээ энэ төсөл байгаагүй, бидэнд туслаагүй бол хүүгээ эмчлүүлэх, мэс засалд оруулах санхүүгийн боломж манайд байхгүй. Хүүгээ эмчлүүлээд тайвширсныхаа дараа би дахин нэг хүсэлтэй болсон. “Зүрх мартахгүй” төсөл битгий зогсоосой, олон олон жил үргэлжлээсэй. Тэгж байвал сайхан” гэлээ.

“Зүрх мартахгүй” төслийн хүрээнд амьдрал бэлэглэсэн 170 бяцхан зүрхний нэг нь Чингэлтэй дүүргийн иргэн Д.Цолмонтуяагийн хүү. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатууг мэдэрч, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдээ яаж эмчлүүлэх вэ, эмчилгээнийх нь зардлыг хэрхэн олох вэ гээд цөхрөнгөө барж суугаа олон эцэг, эхийн нэг нь тэр. “Зүрх мартахгүй” төсөл ийм л хүмүүст, аврал эрсэн бяцхан зүрхнүүдэд тусламжийн гараа сунган, амьдрал бэлэглэсээр байгаад нь бахархахгүй байхын аргагүй.


Амьдрал бэлэглэсэн 170 бяцхан зүрх

Б.Болдсайхан эмч “Зүрх мартахгүй” төслийг анх санаачлан “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн багтайгаа хамтран 2020 оны тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн билээ. Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг эх орондоо үнэ төлбөргүй эмчлүүлэх боломжоор хангах нь тус төслийн гол зорилго. 

“Зүрх мартахгүй” төсөл амжилттай үргэлжлэн, цаашид ч олон мянган хүүхдэд амьдрал бэлэглэхэд мэргэжлийн баг, орчин үеийн тоног төхөөрөмжөөс гадна нэг ч болтугай хүүхдийг эмчилчих юм сан, нэг ч атугай айлд аз жаргал бэлэглэе гэх халуун сэтгэл юу юунаас илүү чухал. Тэгвэл тийм сэтгэлтэй, ур чадвартай багийг “Зүрх мартахгүй” төслийнхөн бүрдүүлж чадсаныг тэдний үйл ажиллагаа, ажлын үр дүн, хандлагаас бэлхнээ харж болно.


Ш.Зоригоо: Энэ онд 200-250 хүүхдэд мэс засал хийхээр төлөвлөсөн


“Зүрх мартахгүй” төслийн “зүрх” яаж цохилдог вэ? Энэ төсөл хэрхэн хэрэгждэг вэ? “Зүрх мартахгүй” төслийн багийн гишүүн, “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал, зүрх судасны мэс заслын эмч Ш.Зоригоотой ярилцлаа.

-“Зүрх мартахгүй” төслийг санаачлан, хэрэгжүүлсэн үеэс хоёулаа ярилцлагаа эхлүүлье. Энэ төслийг эхлүүлэх санаа та бүхэнд хэрхэн төрсөн бэ?

-Улсын гуравдугаар эмнэлэг л хүүхдэд зүрхний мэс засал хийдэг байлаа. Тус эмнэлэгт бага насны, хэт бага жинтэй хүүхдэд хийдэг мэс засал цар тахлын улмаас өнгөрсөн оны эхээр зогссон. Зүрхний гажигтай хүүхдүүдэд хаана мэс засалд орох вэ, яаж эмчлүүлэх вэ гэдэг асуудлууд тулгарсан. Олон олон эцэг эхчүүд яах учраа олохгүй сандарч эхэлсэн нь “Зүрх мартахгүй” төслийг эхлүүлэх шалтгаан болсон. 

Манай эмнэлэг 2012 онд зүрхний чиглэлээр ажиллах багаа бүрдүүлчихсэн, тоног төхөөрөмжүүд ч бэлэн байлаа. Даанч энэ төрлийн мэс заслын өртөг өндөр тул санхүүгийн хувьд тэр бүр манайд хийлгэх боломжгүй байсан юм. 

2019 онд “Энержи Ресурс” ХХК “Улаан загалмай”-г санхүүжүүлээд БНХАУ-д хүүхдүүдийг мэс засалд оруулахаар болсон. Б.Болдсайхан эмч бид хоёр ярилцаж байгаад тэдгээр хүүхдийн мэс заслыг манай эмнэлэгт хийлгэх талаар хандсан юм. “Нэгэнт гэрээ хийгээд тохирчихсон болохоор боломжгүй” гэсэн хариуг бидэнд өгсөн л дөө. Тэгэхэд л анх өөрсдөө хандивын сан нээгээд, зүрхний гажигтай хүүхдүүдийг эх орондоо үнэ төлбөргүй эмчлэх санаа төрсөн юм. Ийнхүү яг жилийн өмнө тавдугаар сарын 25-нд “Зүрх мартахгүй” төслийг эхлүүлж байлаа. 

Төслийг эхлүүлсэн даруйд “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэл агсан 30 сая төгрөг шилжүүлсэн. Дараа нь мөн ажилтнууд нь 20 сая төгрөг цуглуулан хандивласнаар “Зүрх мартахгүй” төслийн хандивын эхлэл тавигдаж, тун удалгүй Голомт банк албан ёсны хамтрагч байгууллагаар ажиллахаар болсноор “Зүрх мартахгүй” төсөл дээрх бидний хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж эхэлсэн. Голомт банк хамтын ажиллагааны хүрээнд хүүхдүүдийн хагалгааны зардалд 120 сая төгрөгийн санхүүжилт олгоод зогсохгүй төсөлд шаардлагатай бүхий л зүйлээр тусалж дэмжлэг үзүүлдэгт талархалтай ханддаг. Түүнчлэн, Хас банк, АПУ ХХК, “Өсөх зоос” ХХК зэрэг олон аж ахуйн нэгж, хувь хүмүүс хандив өргөсөөр байгаад их олзуурхаж, баярлаж явдаг. Монголчууд энэ төслийг ингэж дэмжиж, хандив өргөнө гэж үнэндээ бид төсөөлөөгүй. 

Бид 2020 онд 40, энэ жил 80 хүүхдэд мэс засал хийхээр төлөвлөсөн. Одоогоор бид 170 хүүхдэд мас засал хийчихээд байна. Мөн 2021 онд 200-250 хүүхдэд мэс засал хийх төлөвлөгөөтэй байгаа. 


-Төслөө яагаад “Зүрх мартахгүй” гэж нэрлэсэн юм бэ? Нэрийг хэн нь өгөв?

-Болдсайхан эмчийн аав Бундан багшийн оршуулгын чулуун дээр “Зүрх мартахгүй” гэж бичсэн байдаг юм. Тэгээд л ингэж нэрлэсэн. 


-Аврал эрсээр ирсэн хүүхдэд мэс засал хийж эрүүл болохыг нь харах эмч хүний жаргал болов уу. Таны хувьд энэ төслөөс авдаг хамгийн гоё мэдрэмж, кайф юу вэ?

-Зогсчихсон зүрхийг ажиллуулаад эрүүл болгоод гаргах хамгийн сайхан. Мэс засал хийсэн хүүхдээ эрүүл саруул, цовоо цойлгон байгааг нь харах шиг жаргал үгүй. Хүүхдүүд “Би эмч болно. Тэгээд олон олон хүүхдийг тан шиг аварна” гэж хэлэхэд нь мэргэжлээрээ их бахархдаг.

-Та “Зүрх мартахгүй” төслийн гол үр дүн гэвэл юуг онцлох вэ?

-Бид 170 хүүхдэд амьдрал бэлэглэлээ. 170 гэр бүл элэг бүтэн, аз жаргалтай амьдарч байгаа нь бидний ажлын нэгээхэн үр дүн. Ивээн тэтгэж, хандив өргөсөөр буй байгууллага, олон түмний сайхан сэтгэлийн үр өгөөж л дөө. Үүгээр бахархалгүй яах вэ. Өмнө нь зөвхөн гадаадын эмч, мэргэжилтнүүд Монголд ирж хийдэг байсан мэс заслыг бид өөрсдөө Монголдоо хийдэг болсноор энэ технологи манай улсад бүрэн нутагшлаа. Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдэд эх орондоо мэс засал хийдэг, бүрэн эмчилдэг болсон нь “Зүрх мартахгүй” төслийн гол үр дүн. “Зүрх мартахгүй” төслийн багт нийт 20 гаруй хүн бий.


-Тухайн хүүхдийн биеийн байдал, зүрхний гажгаас шалтгаалаад мэс заслын хүндрэл, зардал харилцан адилгүй байх. Нэг хүүхдэд мэс засал хийхэд дунджаар хэдэн төгрөг зарцуулагддаг вэ?

-Ямар мэс засал вэ гэдгээс шалтгаална. Цусны зохиомол эргэлтгүй мэс засал найман сая гаруй төгрөг, цусны зохиомол эргэлттэй мэс засал хийхэд 15-20 сая гаруй төгрөг зарцуулдаг. Ер нь зүрхний гажигтай хүүхдэд хийдэг мэс засал 1-5 цаг үргэлжилдэг. Яг зүрхээ онгойлгоод хийдэг мэс заслын үргэлжлэх хугацаа нь 15 минутаас нэг цаг орчим болдог. Миний хувьд “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд 40-өөд хүүхдэд мэс засал хийгээд байна.

Зүрхэнд мэс засал хийхэд орчин үеийн өртөг өндөртэй техник технологи, чанартай багаж хэрэгслүүд шаардагддаг. “Зүрх мартахгүй” төсөл үргэлжилж буй хамгийн чухал хүчин зүйлсийн нэг нь ивээн тэтгэгч байгууллага болон хүмүүс. Сэтгэл дэвсэн, буяны гараа сунгасаар буй энэ олон байгууллага, хүмүүсийн хандиваар л бид санхүүгийн асуудлаа зохицуулж, энэ олон хүүхдэд мэс засал амжилттай хийгээд байна. Хэрвээ манай төслийг дэмжиж, хандив өргөөгүй бол бид санхүүгийн бэрхшээлүүдтэй тулгарч ийм үр дүнд хүрч чадахгүй байсан шүү дээ. Мөн он гарснаас хойш зүрхний мэс заслыг Эрүүл мэндийн даатгалаас төлдөг болсон. 


-“Зүрх мартахгүй” төсөлд хандсан хүүхдүүдэд мэс засал хийх эсэхээ хэрхэн шийдэж, сонгодог вэ?

-Тухайн хүүхдийн биеийн байдал, зүрхний гажгаас хамаарна. Мэс заслын ачааллыг даахгүй болтлоо хүндэрсэн биетэй, эмчлэгдэх боломжгүй хүүхэд ч бидэнд ханддаг.


-Би сая “Зүрх мартахгүй” төсөлд хамрагдан мэс засал хийлгэсэн хүүтэй уулзчихаад ирлээ. Хүүгийн ээж нь энэ төслийг л олон жил үргэлжлүүлээсэй хэмээн залбирч сууна. Та бүхэн цаашид төслөө хэдий хүртэл үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Бид энэ төслийг аль болох олон жил үргэлжлүүлэхийг, боломжийнхоо хэрээр олон хүүхдэд амьдрал бэлэглэхийг хүсэж, хичээж байна. Бид долоо хоногт цөөндөө таван хүүхдэд мэс засал хийдэг. 2026 он гэхэд 1,000 хүүхдэд мэс засал хийх төлөвлөгөөтэй байгаа. 


Аврал эрсэн бяцхан хүүд алгаа тоссон нь

Түүнтэй ярилцсаныхаа дараа бид “Зүрх мартахгүй” төсөлд хамрагдан мэс засалд орсон нэгэн хүүтэй уулзлаа. Түүнийг А (нэрийг нь нууцлав) гэдэг. Хүүгийн аав нь өөд болж, ээж нь шоронд байдаг. Зүрхний төрөлхийн ховдол хоорондын цоорхойтой гэх оноштой хүү асран хамгаалах хүнгүй тул өнгөрсөн жилийн хоёрдугаар сард “Нандин амьдрал” асрамжийн газарт иржээ. ЭХЭМҮТ-ийн байнгын хяналтад байж, хоёр төрлийн эмийг тогтмол уудаг байж. Эмээ л уухгүй бол зүрх нь дэлсдэг, хавагнадаг, уурлаж бухимддаг байсан гэнэ. 

“Зүрхний цоорхой нь нөхөгдөж магадгүй” гэж хүлээсээр өдий хүрчээ. Ээжийнх нь эрх хязгаарлагдмал, аав нь өөд болсон тул хүүгийн хувьд мэс засал хийлгэх, эмчлүүлэх боломжгүй. Тийм хүнд байдалтай байхад нь “Нандин амьдрал” асрамжийн газрын эрхлэгч Г.Болорцэцэг Б.Болдсайхан эмчтэй холбогдсоноор энэ сарын 13-нд үзлэг хийн 24-ний өдөр мэс засал хийжээ.

Энэ талаар Г.Болорцэцэг “Өнөө цагт цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал ямар хүнд байгаа билээ. Хүүд мэс засал хийлгэх, эмчлүүлэх санхүүгийн боломж надад бас манай төвд байхгүй. Харин Б.Болдсайхан эмчтэй холбоо барихад “Мэс заслаас дөнгөж гарч ирээд байна. Өнөөдөр хүрээд ир” гэж хэлэхэд нь үнэхээр их баярласан. Энэ сарын 24-нд хүүд мэс засал хийж, биеийн байдал нь илт сайжирч байгаа нь мэдэгдэж байна. Хүүгээ гуравхан хоноод хөл дээрээ босоод ирнэ гэж ёстой зүүдлээ ч үгүй байсан. Өмнө нь “Зүрх муутай, битгий уурлуулаарай, бие нь өвдөх вий, татах вий” гэж санаа зовдог байлаа. Одоо хүү минь эв эрүүл болсон тул тэгж санаа зовох шаардлагагүй болсон. Хүү одоо “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. “Зүрх мартахгүй” төсөл мэс засал болон эмчилгээний бүх зардлыг бүрэн даасан. Хүүгийнх нь мэс засал амжилттай, эрүүл болсныг ээж нь мэдэж, 26-нд хүүгээ эргэж ирээд их баярлаж байсан.

Ээжийг нь гарч ирэхэд хүү нь эрүүл болчихсон, эдгэчихсэн угтах нь. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Ийм боломж олгож, хүүг минь эмчилсэн “Зүрх мартахгүй” төслийн хамт олонд үнэхээр их баярлалаа. Мөн нэг зүйлийг тодотгон хэлэхэд Болдсайхан эмчийн аав Бундан агсан 1976 онд миний аавыг эмчилж, мэс засал хийж байсан юм билээ. Далайд дусал нэмэр гэдэг. Энэ төслийг цааш үргэлжлүүлэхэд, дахиад олон олон бяцхан зүрхийн амийг аврахад, амьдрал бэлэглэхэд хүн бүхний оролцоо, хандив үнэхээр чухал шүү. Тиймээс хүн бүр боломж бололцоогоороо дэмжээсэй, хандив өргөөсэй гэж хүсэж байна” гэлээ.


Д.Бадрал: Голомт банк цаашид “Зүрх мартахгүй” төслийг үргэлжлүүлэн дэмжинэ

Ямар ч сайн үйлсийн аян, төсөл хөтөлбөрийг халуун сэтгэлийн гараа сунган туслах ивээн тэтгэгч байгууллага, хүмүүсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хандивласан мөнгөн дүндээ бус нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, боломжийнхоо хэрээр илүүчлэн бусдадаа үлгэрлэж байгаа нь л юу юунаас илүү чухал. “Зүрх мартахгүй” төслийг ургуулж, улам гүн үндэслүүлж буй байгууллагуудын төлөөлөл болгон Голомт банкийг онцоллоо. “Зүрх мартахгүй” төслийг эхэлсэн цагаас нь дэмжин бүх талаар түшиж яваа тус банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадралтай ярилцаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Голомт банк цөөнгүй төслийг дэмжиж, ивээн тэтгэдэг юм билээ. “Зүрх мартахгүй” төслийг сонгохдоо та бүхэн юуг нь чухалчилсан бэ?

-Манай банк байгуулагдсан цагаасаа хойших 26 жилийн хугацаанд санхүүгийн үйлчилгээгээр хөгжлийн гал голомт нь байхаас гадна нийгэмд хэрэгтэй, эерэг бүхнийг уриалан дэмжсээр ирсэн. Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол улсад гэрэл гэгээ цацруулж буй, хэрэгтэй төсөл, хөтөлбөрийг дэмжихийг, бусдад үлгэрлэхийг үргэлж зорьдог. 

Бид өөрсдөө зохион байгуулаад хийж чадах зүйл байна. Мөн боломжгүй зүйл ч байлгүй яах вэ. Тэглээ гээд бид зүгээр хараад суухыг хүсдэггүй. Өөрсдийн хийх боломжгүй зүйлсээ бид санхүүгээр дэмжиж, туслах нь бидний зорилго юм. Энэ зорилгынхоо хүрээнд дэмжиж буй төслүүдийн нэг нь “Зүрх мартахгүй”. Тус төслийг анх “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн цагаас нь хойш хамтарч байна. 

Монголд төрөлхийн зүрхний гажигтай хэчнээн хүүхэд мэндэлж байгаа билээ. Олон сая төгрөгөөр хүүхдээ эмчлүүлэх, мэс засалд оруулах санхүүгийн боломжтой гэр бүл хэд билээ. Энэ бүхнийг харгалзаж, урт хугацаанд үргэлжлүүлэх боломжтойг нь бид чухалчилсан. Манай банк “Алтан түлхүүр” сангаасаа “Зүрх мартахгүй” төслийг санхүүжүүлэн жилд 12 хүүхдийн мэс заслын зардлыг даадаг. Зөвхөн манай банкны хамт олон бус харилцагчид маань ч нэгдэж, тусалж буйг онцолмоор байна. 


-Санхүүгээр дэмжээд өнгөрөх бус эргэх холбоотой ажиллах чухал. Та бүхэн энэ тал дээр хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Хамгийн ихээр тулгамдаж буй асуудалд нийгмийг уриалж, түүчээлэн оролцож чадаж байна уу гэдэг өөрөө чухал зүйл. Манай банк 8,000 харилцагч, 2,000 гаруй ажилтантай. Бид банкныхаа сошиал хуудас, цахим сувгуудаар энэ төслийг дэмжиж нэгдэхийг, хандив өргөхийг үргэлж уриалдаг. Нийгэмд, иргэд харилцагчдадаа бид өөрсдөө үлгэрлэхийг чухалчилдаг. 

Мөн “SocialPay” аппликэйшн дээрээ “Зүрх мартахгүй” гэх хандивын хэсэгтэй. Харилцагчдын түүгээр дамжуулан өргөсөн хандив бүхэн “Зүрх мартахгүй” төслийн данс руу шууд ордог. 

Голомт банк “Сайн сайхныг санхүүжүүлнэ” гэсэн уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг. Эх орноо, Монгол улсаа, нийгмээ хайрлаж буйн илрэл. Бид хайрыг бий болгох, түгээхийг үргэлж хүсдэг. Тийм ч учраас “Бяцхан зүрхийг хайрла” гэсэн уриалга гаргаад байгаа.

-“Зүрх мартахгүй” төслийг цаашид ч тогтмол санхүүжүүлэх, үргэлжлүүлэн дэмжих төлөвлөгөө бий юу?

-Тийм ээ. Ингэснээр зөвхөн “Зүрх мартахгүй” төслийг дэмжин, санхүүжүүлж буй төдий зүйл биш. Үүгээрээ дамжуулан улс орны эрүүл мэндийн салбарт, аврал эрж яваа олон гэр бүлд, бяцхан зүрхнүүдэд амьдрал, аз жаргал бэлэглэж байгаа юм. Тиймээс Монголынхоо бүхий л аж ахуйн нэгж байгууллага, хамт олон, мөн ард түмнээ “Зүрх мартахгүй” төсөлд хандив өргөж, сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалъя.