Саруулын Ариунжаргал
04 сарын 06, 2019
Буруу хооллолтын улмаас хүний бие дэх бодисын тэнцвэртэй байдал алдагдах нь хүндээр өвдөх, зуурдаар нас барах үндсэн шалтгаануудын нэг аж. Вашингтон муж улсын Их сургуулийн дэргэдэх Эрүүл мэндийн хэмжилт ба үнэлгээний хүрээлэнгийн эрдэмтэд 1990-2017 оны хугацаанд өргөн хэмжээний судалгаа явуулсны дүнд ийм дүгнэлтэд хүрчээ.
Эрүүл мэндийн “The Lancet” сэтгүүлийн мэдээлснээр, зуурдаар нас барсан 5 тохиолдол тутмын нэг нь буруу, зохисгүй хооллолттой холбоотойг мэргэжилтнүүд тогтоосон байна. Тухайлбал, хоол тэжээлийн дутагдлын улмаас болон хоол тэжээлийн тэнцвэрт байдлыг их хэмжээгээр алдагдуулсны улмаас 2017 онд 11 сая хүн нас барсан байна.
Судлаачид хоол тэжээлийн тэнцвэрт бус байдлыг хоёр шалтгаанаар тодорхойлж болно гэж үзэж байна. Эхний шалтгаан нь хүнсэнд уураг, өөх, нүүрс ус байнга дутагдаж байгаатай холбоотой бол хоёр дахь нь мах, элсэн чихэр, давс болон бусад бүтээгдэхүүнийхээ хэрэглээг ихдүүлж байгаатай холбон тайлбарлажээ.
Судалгааны ажилдаа эрдэмтэд 195 орны хүн амыг хамруулж, тэдний ямар хоол хүнсийг илүүд үздэгийг тооцолохын сацуу зан заншил, амьдралын түвшнийг нь харгалзан үзжээ. Тухайлбал, Афганистан зэрэг оронд хоол тэжээлийн дутагдал, өлсгөлөнгийн улмаас зуурдаар нас барах магадлал өндөр байхад Франц, Испани, Япон зэрэг хөгжилтэй орнуудад элсэн чихэр, давс, улаан махыг их хэмжээгээр хэрэглэсний улмаас ийм аюулд ордог байна. Эдгээр бүтээгдэхүүнийг ихээхэн хэмжээгээр хэрэглэх нь таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчин үүсгэдэг юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.