Онолбаатарын Анужин
11 сарын 06, 2026
ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн хорооны 11 дүгээр Ерөнхий чуулган Индонезийн нийслэл Жакарта хотноо 2026 оны 11 дүгээр сарын 2-6-нд болов.
Тус Ерөнхий чуулганаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй Бурхан багшийн шүтээн зурагт намтар”-ыг 2026 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр ЮНЕСКО-гийн соёлын үнэт өв болгон бүртгэснийг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей мэдээлэв.
Гэрэл зургийг О.Батсайхан
Энэхүү өвийг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал, доктор П.Байгалмаа, музейн зөвлөх О.Батсайхан, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын ажилтан О.Дэлгэрцэцэг нар ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн хорооны 11 дүгээр Ерөнхий чуулганд ийнхүү танилцуулж амжилттай хамгаалж гэрчилгээг гардан авчээ.
Гэрэл зургийг О.Батсайхан
Тус Ерөнхий чуулганд Ази, Номхон далайн бүсийн 26 орны 28 баримтат өвийг нэр дэвшүүлснээс 21 бүтээлийг хэлэлцэж баталжээ.
Бурхан багшийн шүтээн зурагт намтар нь XIX зууны түүх, соёлын үнэт дурсгалт бүтээлд бурхан багшийн намтрыг 34 зураг болгож зурсан төдийгүй хүн төрөлхтний ёс зүй, дэлхийн их соёл болсон үнэт сургаалыг дүрсэлсэн байдаг. Буддын шашинтай улс орнуудад бурхан багшийн тухай шүтээн зураг байдаг ч зургаар үзүүлсэн 34 намтар цуврал зураг нэн ховор юм.
Гэрэл зургийг О.Батсайхан
“Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй Бурхан багшийн шүтээн зурагт намтар” гэх албан ёсны нэртэй уг бүтээл нь 28х22 см хэмжээтэй цаасан дээр шороон будгаар зурсан. Нэр нь үл мэдэгдэх XIX зууны Монголын бурханч лам тус бүтээлдээ намтрыг уран сайхны аргаар илэрхийлэхдээ бурхан багш урьд өмнө нь олон дүрд хувилан ёс зүй, үнэнч байдал, энэрэнгүй сэтгэл, ёс суртахууныг эрхэмлэх, зөв сэтгэлийг бий болгож байсан түүхийг өгүүлсэн бүтээл юм.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн түүхт 60 жилийн ой энэ онд тохиож буй. Тус музейн бүтээл нь Монголын музейнүүдээс анх удаа баримтат өвийн төрөлд ийнхүү нэр дэвшиж ЮНЕСКО-гийн өв болж байгаа нь Монголын дүрслэх урлагийн түүхэнд тэмдэглэх үйл явдал бөгөөд музейн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид болон соёлын өвийг хадгалан хамгаалагч эрдэмтэн судлаачдын гавьяа зүтгэлийн бодит үр дүнгэдгийгмэргэжилтнүүд тодотгож байна.

Тодруулга: Монгол Улсаас ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүс нутгийн жагсаалтад бүртгэгдсэн баримтат өв:
Лу Алтан Товч /2010 он/
Сахиусан Дара Эх /2014 он/
Мэргэд гарахын орон нэр томьёоны толь бичгийн модон бар /2016 он/
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.