Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргалаа. Үргэлжлүүлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдтэйгээ олон нийтэд мэдээлэл хийв.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Дэлхий даяар өдөр нэг сая орчим хүн коронавирусээр өвчилж, бүх нийтээрээ амаргүй цаг үеийг туулж байна. Коронавирусийн цар тахлын үед айл өрх, зарим ААН-ийг хэрэглээний эрчим хүч, дулаан, усан хангамж, хогний төлбөрийг төр хариуцах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. 

Тодруулбал, 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 2021 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, банк, ББСБ, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, интернет, үүрэн холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл, хар төмөрлөг, цементын үйлдвэр ажиллуулж буй ААН-үүдээс бусад ААН-ын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, ус, усан хангамж, хогний төлбөрийг Монгол Улсын төр хариуцахаар шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, төлбөрийг нь тэглэж байна гэсэн үг.

Мөн Монгол Улсын бүх айлын цахилгааны төлбөрийг дээрх долоон сарын хугацаанд тэглэж байна. Дээрээс нь 100 метр/кв хүртэлх хэмжээтэй орон сууцанд амьдардаг иргэдийн дулааны төлбөрийг тэглэж байна. Мөн ус, хогний төлбөрийг тэглэхээр шийдвэрлэлээ" хэмээлээ.

Төлбөр тэглэснээс үүсэх 650 тэрбум төгрөгийг "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газар гаргана. 


2021 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл:

- Гэр хорооллын айл өрх дунджаар 240-530 мянган төгрөгийн цахилгааны

- Орон сууцны айл өрх талбайн хэмжээнээс хамаарч 560 мянгаас 1,1 сая 

- Жижиг, дунд аж ахуйн нэгж 7-30 сая 

- Томоохон аж ахуйн нэгж 500 саяас 1,4 тэрбум төгрөгийн цахилгаан, дулааны мөнгө хэмнэх тооцоо гарчээ.