"Дулааны цахилгаан станц-4" ТӨХК-д гэмтэл гарсны улмаас өнөө өглөөний 9.54 цагаас эхлэн Улаанбаатарын хэмжээнд цахилгаан тасарсан.

Уг асуудалтай холбоотойгоор Эрчим хүчний яамны Хяналт, дотоод аудитын газрын дарга Б.Сандуйжав сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр "IV цахилгаан станцад технологийн доголдол гарсны улмаас цахилгаан тасарсан. Холбогдох мэргэжилтнүүд шуурхай ажиллаж, хэрэглэгчдийн цахилгааныг өгч эхлээд байна. Яг одоо гэр хорооллын өрхүүдийн цахилгааныг холбож байна. 

Тус цахилгаан станц олон жил болсон. Бид үе шаттайгаар тоног төхөөрөмжүүдийг сольж, шинэчилж байна. Өндөр хөгжилтэй орнууд хуучин цахилгаан станцынхаа хажууд шинэ станц барьж асуудлыг шийдвэрлэдэг. Манай улсын хувьд хөрөнгө оруулалт, санхүүгийн боломжоос шалтгаалаад хэсэгчилэн сольж, шинэчилэх ажлуудыг хийж байна.

Цахилгааныг бүрэн холбож, станцын үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлсний дараа ОБЕГ, МХЕГ-тай хамтран хаана, ямар гэмтэл гарсны улмаас цахилгаан тасарсныг шалгаж тогтооно" хэмээн ярилаа.