Х.Оргил
05 сарын 26, 2020
"Бодь даатгал” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй хувьцааг бүртгэж, нийт хувьцааны 20 хувийг олон нийтэд санал болгон гаргах замаар 5.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр ажиллаж байна.
“Бодь даатгал” ХХК-ийн үнэт цаасаа олон нийтэд санал болгон гаргаж хувьцаат компани болох үйл ажиллагаанд андеррайтерийн компаниар “Би Ди Сек ҮЦК” ХК, аудитын компаниар “БДО Аудит” ХХК, хөрөнгийн үнэлгээний компаниар “Гэрэгэ Эстимэйт” ХХК, хуулийн компаниар Өмгөөллийн “ИЭлСи” ХХН нар тус тус ажиллажээ.
Тус компани Хөрөнгийн биржийн үнэт цаасны 1-р ангилалд бүртгүүлээд байгаа юм. Улмаар нийт хувьцааны 20 хувийг нь стратегийн хөрөнгө оруулагчдад (тогтоосон үнийн аргаар буюу нэгжийн үнийг 113 төгрөгөөр), олон нийтэд захиалгын бүртгэлийн аргаар (нэгжийн үнийг 113-135 төгрөгийн хооронд) санал болгон худалдах юм.
Анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын ажиллагаанд СЗХ-ны дарга Д.Баярсайхан, Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, "Бодь Даатгал" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Г.Саруул, гүйцэтгэх захирал Б.Золбаяр нар оролцож, Хөрөнгийн биржийн үнэт цаасны 6232 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо. Тодруулбал, тус компани Монголын хөрөнгийн зах зээлд энэ оны анхны IPO хийж буй юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.