МОСКВА. /TASS/. Хоёр улсын хооронд худалдааны сөргөлдөөн үүссэнтэй холбоотойгоор БНСУ-ын оршин суугчдын 80 орчим хувь нь Японы бараа бүтээгдэхүүнийг худалдан авахаас зайлсхийж байгааг “Gallup Korea” агентлагийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Судалгаанд БНСУ-ын янз бүрийн дүүрэгт амьдардаг мянга гаруй хүн оролцжээ. Эрэгтэйчүүд төдийгүй эмэгтэйчүүд Япон улсад үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхолгүй байгаа нь судалгаанаас харагджээ. Түүнчлэн санал асуулгад оролцогчдын 50 гаруй хувь нь худалдааны сөргөлдөөнөөс БНСУ илүү хохирол амссан гэж үзэж байгаа аж. 

Японы Засгийн газар долдугаар сарын 1-нд хагас дамжуулагч болон янз бүрийн төхөөрөмжийн дэлгэц үйлдвэрлэхэд зайлшгүй шаардагддаг гурван төрлийн материалын экспортод тавьдаг хяналтаа чангатгасан байна. Японы тал эдгээр материалын заримыг нь Өмнөд Солонгосоос БНАСАУ-д нийлүүлсэн байж магадгүй гэж сэжиглэж байгаа юм.

Дэлхийн хоёрдугаар дайны үед албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг Солонгосын дөрвөн ажилчинд олгохыг БНСУ-ын Дээд шүүхээс Японы “Nippon Steel & Sumitomo Metal” компанид 2018 оны намар үүрэг болгосны дараа Токио болон Сөүлийн харилцаа мууджээ.



Японы Засгийн газар дээрх шийдвэрийг няцаагаад, энэ асуудлыг 1965 онд Токио болон Сөүлийн харилцаа хэвийн байх үед эцэслэн шийдсэн гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгос нөхөн төлбөр олгох хэрэгтэй холбоотойгоор “Nippon Steel & Sumitomo Metal” компанийн хөрөнгийг хураах журмыг санаачилсан байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг