СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-д 2011 оны 3 дугаар сараас хойш зорчсон гадаадын иргэдийн АНУ-д нэвтрэх эрхийг хязгаарлалаа гэж тус улс мэдэгдсэнийг БНСУ-ын Гадаад хэргийн яам иш татан мэдээлсэн  байна.

БНАСАУ-д зорчсон БНСУ-ын иргэд энэ сарын 6-наас эхлэн АНУ-тай харилцан визгүй зорчих нөхцөлийг ашиглах боломжгүй бөгөөд АНУ-д зорчихын тулд визийн материалаа бүрдүүлэх шаардлагатай аж. Энэ журам нь бусад гадаадын иргэнд мөн хамааралтай аж.

“Энэхүү мэдэгдэл нь иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон гэсэн үг биш юм. Хүсэлт гаргагч нь АНУ-д зорчих боломжтой бөгөөд ингэхийн тулд эхлээд консулын газар биечлэн очиж, ярилцлаганд орж виз мэдүүлэх шаардлагатай болж байгаа юм” хэмээн баримт бичигт дурджээ.  

БНСУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэж байгаагаар, энэхүү шинэ журам нь 2011 оны 3 дугаар сараас хойш БНАСАУ-д зорчсон БНСУ-ын 37 мянган иргэнд хамааралтай аж. 

БНСУ болон АНУ-ын хооронд 90 хоногийн хугацаатай визгүй зорчих тухай хэлэлцээр үйлчилдэг байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг