Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар энэ пүрэв гарагт Владивостокд болсон Зүүн бүсийн Эдийн засгийн хэлэлцүүлгийн үеэр уулзжээ. Энэ үеэр тэд Хойд Солонгосыг бүсийн энхтайван, тогтвортой байдалд ноцтой аюул заналхийлэл учруулж байгаад санал нэгдсэн байна. 

Өнгөрсөн ням гарагт хийсэн цөмийн пуужингийн туршилтыг ноён Абэ эрс буруушааж байгаа. “Хойд Солонгос энэ мэт үйлдэл хийсээр байвал ирээдүйгээ л баллана. Үүнийг ухаарч, бодлогоо шинэчлэх хэрэгтэй” хэмээн уулзалтын үеэр мэдэгдэв. Орос, Япон хоёр Хойд Солонгосын асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн уулзалт болон бусад үед нарийн нягт хамтран ажиллахаар боллоо. 

Харин Ерөнхийлөгч Владимир Путин бүс нутагт ноцтой аюул учраад буйг хэлээд “Эл асуудлыг зөвхөн улс төрийн, дипломатч аргаар шийдэх боломжтой. Эхний ээлжинд хориг, дарамт шахалтаа багасгаж, дараа нь уулзаж ярилцах хэрэгтэй” гэсэн байна.