Монгол Улсын нийт өр 30 тэрбум долларт хүрсэн. Үүний 7.2 тэрбум доллар нь Засгийн газрын бондуудын өр юм. Уг асуудлаар эдийн засагч Н.Энхбаяр тодруулга өглөө.

-Энэ нөхцөлд Монгол Улс хамгийн түрүүнд ямар бодлого баримтлах ёстой вэ?

-Монгол Улсын эдийн засаг түүхий эдээс хамааралтай учраас эдийн засаг ямар байх вэ гэдгийг төсөөлөхийн тулд гадаадын нөхцөл байдлыг харахаас аргагүй. Жишээ нь Хятад Америкийн хооронд хориг тавигдаж худалдаа багаслаа гэхэд 5-6 сарын дараа Монголын эдийн засагт нөлөөлдөг. Эргээд энэ хоёр улсын худалдааны эргэлт сайжирахад мөн л тодорхой хэдэн сарын дараа экспорт нэмэгдэхэд нөлөөлж байна. Энэ жилийн хувьд дэлхийн эдийн засаг хасах гарах нь тодорхой болчихлоо.  Гадаад худалдаа буурна гэдэг нь төсвийн орлого буурна гэсэн үг. Төсвийн алдагдал 1.5 их наядаар алдагдалтай гарч байна. Энэ алдагдал цаашдаа улам нэмэгдэнэ. Ирэх саруудын төсвийн төлөвлөгөө өндөр байгаа учраас тасалдах магадлал улам нэмэгдэнэ. Ковидын тархалт ийм байдалд хүрнэ гэдгийг аль ч олон улсын байгууллага төсөөлөөгүй. Иймээс одоо байгаа нөхцөлдөө тааруулан хууль тогтоомжийн хүрээнд бодлого боловсруулж, зохицуулалт хийхээс өөр арга байхгүй. Зарим хүмүүсийн ярьдаг шиг экспорт огцом нэмэгдэх найдвар алга. Дээр нь Сайншандын газрын тос боловсруулах үйлдвэр одоо болтол үйлдвэрээ барьж эхлээгүй байна. Дэд бүтцийг нь барьсан. Одоо үйлдвэрийг барихын тулд Энэтхэгийн талтай нэг тэрбум ам.долларын зээлийн асуудал дээр гарын үсэг зурах ёстой. Өнөөдрийг хүртэл зураагүй л явж байгаа. Тэгэхээр дараа дараагийн төслүүд хүлээгдэж, өр л үүсгээд байна. 

-Төсвийг хэтэрхий өөдрөгөөр төсөөлсөн нь алдаа гэж үү?

-Төсвийг нэмэх үү, нэмэхгүй байх уу гэдэг нь биднээс л хамаарах асуудал байсан. Олон улсын байгууллагууд төсвөө нэмээрэй гээгүй. Ахиухан мөнгө зараарай гэж хэн ч хэлээгүй. Хэрвээ төсвөө нэмээгүй 2019 оны түвшинд байсан бол төлөвлөж байсан орлогын тасалдалт хамаагүй бага гарах байлаа. Тэгэхээр эхний ээлжинд бид төсвийн алдагдлаа бууруулах зайлшгүй шаардлагатай. Үндсэндээ 1-2 сарын дараа орлогын бүрдэл сайжрахгүй бол төсвийн алдагдал хэмжээндээ тулах нь. Ингэвэл Засгийн газрын өмнө амаргүй сонголт тулгарна.

Өөрөөр хэлбэр төсвийн алдагдал УИХ-аар тогтоосон хязгаарыг зорчих уу эсвэл тухайн сард өгөх ёстой зарлага санхүүжилтээ гаргах уу гэдэг дээрээ хүрнэ. Гаргая гэхээр хууль зөрчих болчихоод байгаа юм. Ийм хууль зөрчсөн байдалд орохгүйн тулд төсвийн тодотголыг зайлшгүй хийх хэрэгтэй байна. Төсвийн алдагдал, төлөвлөгдөөгүй алдагдал гэдэг эх үүсвэргүй учраас дахиад л өр болж хувирна. Бид энэ тухай битгий хэл ирэх жилүүдэд төлөх ёстой олон улсын зах зээл дээр төлөх ёстой бондуудын өрийн асуудал хүнд байна. 

-Бондыг төлбөрийг хойшлуулах боломжтой юу?

-Олон улсын зах зээл төлөгдөх бондын төлбөрийн процедур нь тун төвөгтэй. Банкинд тавьсан зээл шиг урд өдөр нь гүйж очоод хэлчихдэг юм биш. Тэр тусмаа бид төлөх хугацаа ойр, одоо өрийн дарамтад байгаа, 100 хувь төлөх боломжгүй үед зээлийн зарим хэсгүүдэд тодорхой өөрчлөлт хийх, хойшлуулах арга хэмжээ авах ёстой юм. Энэ асуудлыг одооноос ярьж сонголтоо хийх хэрэгтэй байна. Хөрөнгө оруулагч нартаа ч ярьж тохирох хэрэгтэй байгаа юм.  Үүнийг 2-3 сарын өмнө ярьж тохирохгүй бол цагийг нь тулгачихвал өр хойшлуулах асуудал бас л төвөгтэй болж мэднэ.

-Монгол Улс өрийн дарамттай улс орнуудын жагсаалтад албан ёсоор багтсан гэж үнэн үү?

-Хэдхэн хоногийн өмнө Дэлхийн банкнаас 2020-2021 онд мөрдөх (Дэлхийн банкны хувьд санхүүгийн жилийг 7-р сарын 1-ээс эхлэн тооцдог) уг ангилаллыг шинэчлэн гаргажээ. Монгол Улс орлогын ангиллын хувьд шинээр тогтоосон ангиллын дагуу “бага-дунд орлоготой” улс орнуудын бүлэгт багтаж байна. Мөн эдгээр ангиллын хамт улс орнуудын өрийн дарамтын байдлаар гаргасан үзүүлэлт байдаг. Уг үзүүлэлтээр Монгол улс 2000 оноос “Moderately indebted” буюу өрийн дарамттай улс орнуудын жагсаалтад багтаж байна. Ер нь уул уурхайн салбар давамгайлсан, түүнээсээ хамааралтай эдийн засагтай улсын хувьд төсвийн орлого тооцсоноор бүрдэхгүй байх байнгын эрсдэл байдаг.