Х.Уянга
07 сарын 05, 2025
Даатгалыг зардал гэдгээс илүүтэй эд хөрөнгөдөө учирч болох эрсдэлийг бууруулах ухаалаг хөрөнгө оруулалт гэж харах хэрэгтэй.
Харин тухайн компанийн найдвартай байдал, бодит үйлчилгээний чанарыг тодорхойлох гол шалгуур бол асуудал шийдвэрлэх хугацаа болон нөхөн төлбөр олголтын хувь юм.
Даатгалын салбарын нөхөн төлбөр олголтын хувиар тэргүүлэгч Тэнгэр Даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баянмөнхтэй ярилцлаа.
БИЧЛЭГ ҮЗЭХ:
Нөхөн төлбөр авч чадаагүй гэх биш эрсдэл учраагүйд баярлах хэрэгтэй
Даатгал бол хамтын хариуцлагын систем гэдгийг ойлгох хэрэгтэй. Жишээ нь, мянган хүн даатгалд хамрагдлаа гэж бодъё. Хүн бүр 100 мянган төгрөг даатгалд төлдөг бол жил бүр нийтдээ 100 сая төгрөг цугларна. Хэрэв 20 хүнд нөхөн төлбөр олгох шаардлагатай болбол хүн тус бүрд 5 сая төгрөгийн нөхөн төлбөр олгох боломжтой юм.
Өөрөөр хэлбэл эрсдэлийг хүндрэл багатай давахын тулд хамтарч хөрөнгө босгож, хэрэгцээтэй үедээ нэгнээ дэмждэг тогтолцоо юм.
Зарим хүн олон жил даатгууллаа, ерөөсөө хэрэг нь гарсангүй гэж ярих нь бий. Эрсдэл гараагүй бол сайн хэрэг шүү дээ. Тэр чинь хүсэх юм биш. Таны даатгалд төлсөн хураамж эрсдэлд орсон хэн нэгэнд нөхөн төлбөр болж очсон байгаа. Харин та учирч болох эрсдэлээс сэргийлж даатгалаа үргэлжлүүлэн төлөөд л байх хэрэгтэй.
Монгол шиг хүн нөхцөлтэй оронд эрсдэлээс сэргийлэх хамгийн сонгодог хувилбар бол даатгал
Статистик харвал манай улсад зам дээр яваа найман машин тутмын нэг нь тухайн жилд том жижиг хэмжээний зам тээврийн осолд орж байна. Улсын хэмжээнд жилдээ 3000 орчим барилга байшин гал түймэрт өртсөн гэсэн тоо судалгаа байна.
Үүнээс гадна цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий дахинд байгалийн гамшигт үзэгдлийн тоо өмнөх жилүүдээс огцом нэмэгдэж байна. Манай оронд гэхэд энэ зуны үер усны эрсдэлээс өмнө өнгөрсөн хавар, говийн бүсийн аймгуудад шороон шуурганы тоо давтамж өмнөх жилүүдээс 3 дахин өссөн судалгаа гарсан.
Хамгийн сүүлд гэхэд 2023 оны зун аюултай үеэр боллоо шүү дээ. Тэр үеэр орон сууцнуудын B1 давхар усанд автаж, дотор нь машинаа тавьсан байсан хүмүүс томоохон хохирол амссан. Энэ үеэр хэн хамгийн бага зардлаар автомашиныхаа хохирлыг барагдуулж, санхүүгийн дарамтгүй өнгөрч чадсан бэ гэвэл даатгалтай хүмүүс байсан. Тиймээс Монгол шиг ийм эрс тэс уур амьсгалтай, ийм орчин нөхцөлтэй улсад таныг эрсдэлээс хамгаалж чадах хамгийн сайн хэрэгсэл бол даатгал юм.
Сайн даатгалын компанийг таних гол үзүүлэлт бол хурд
Их хэмжээний нөхөн төлбөр олгодог л бол сайн компани гэх ойлголт ард хоцорсон. Сүүлийн үед хэрэглэгчид маань аль компани хамгийн өндөр нөхөн төлбөр олгож байна гэдгээс илүү хэр түргэн шуурхай, ил тод, шударгаар шийдвэрлэж байна вэ гэдгийг чухалчлах болжээ.
Өнгөрсөн онд Тэнгэр даатгалын хувьд даатгуулагчдаас ирсэн 100 нөхөн төлбөрийн хүсэлт тутмын 97-г ажлын 2.5 хоногт олгож, нөхөн төлбөрийн үйлчилгээгээрээ тэргүүллээ. Бид харилцагчдын цаг зав, зардлыг хэмнэх зорилгоор нөхөн төлбөрийн материалыг цахимаар хүлээн авч ажилладаг. Тодруулбал, нийт нөхөн төлбөрийн хүсэлтийн 80 хувийг цахимаар хүлээн авсан бол 21 хувийн нөхөн төлбөрийг тухайн өдөрт нь шийдвэрлэж олгосон байна.
Харин нөхөн төлбөргүй үлдсэн 3 хувь нь гэрээнд тусгагдаагүй эрсдэл болон өөрийн буруутай үйлдлээс болж авч чадаагүй тохиолдлууд байна. Жишээ нь, архидан согтуурсан үедээ машин жолоодож яваад зам тээврийн осол гаргах нь хууль зөрчсөн үйлдэл учраас нөхөн төлбөр олгох боломжгүй байдаг.
Дээр хэлсэнчлэн даатгалын компани нөхөн төлбөр олгосонгүй, олгохоос татгалзлаа, ингээд луйвардаад байна, миний эрх ашгийг зөрчөөд байна гэж шүүмжлэх хүн байдаг. Гэвч тэд гэрээгээ уншаагүй, ойлгоогүй, даатгалын гэрээгээр хамгаалаагүй эрсдэл үүсчихсэн байхад мөнгө авна гэдэг. Хоёрт, хуурамч бичиг баримт бүрдүүлж, нөхөн төлбөр авах оролдлого хийх хүн байдаг. Хэрэв ийм хүмүүст нөхөн төлбөр олгох юм бол даатгалын компани олон мянган даатгуулагчдынхаа өмнө гэмт хэрэг хийж байна гэсэн үг. Иймээс даатгалын компани даатгуулагчдынхаа өмнө хүлээсэн үүргийн дагуу, тэдний эрх ашгийн төлөө нөхөн төлбөр олгохдоо нухацтай, хянуур ханддаг.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.