Улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй авто машинуудын 50 гаруй хувь нь баруун талдаа буюу буруу талдаа жолооны хүрдтэй байдаг. Харин баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн ойрын тусгал өөдөөс ирж буй жолоочийн нүдийг гялбуулдаг сөрөг нөлөөтэй.

Энэ гялбалтаас болж шөнийн цагаар осол аваар гарах магадлал маш өндөр байдаг талаар мэргэжилтнүүд ярьж байна. Тиймээс Авто тээврийн үндэсний төвөөс буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг зөв болгох талаар судалж, тусгай бэлдэц ашиглахаар болжээ. 1958 онд Женев хотод батлагдсан хэлэлцээрийн хүрээнд НҮБ-аас гаргадаг техникийн зохицуулалтаар зүүн гарын дүрмээр замын хөдөлгөөний чигт нийцсэн гэрлийн хуваарилалтыг баруун гарын дүрмээр хөдөлгөөний чигт нийцүүлж өөрчлөх аргуудыг зөвшөөрсөн байдаг.

Бэлдэцийг энэ сараас АТҮТ-ын техникийн хяналтын үзлэгийн төвүүдээр дамжуулан 21 аймаг болон төвийн 3 салбарааар дамжуулан хүргэхээр  төлөвлөж байна. Мөн замын цагдаа нартай хамтарч хяналт тавих юм. Эдгээр тусгай бэлдэцийг жолооч нарт үнэгүй олгох ажээ. 

Мөн Авто тээврийн үндэсний төвөөс инженер техникийн ажилтан, тээврийн хэрэгсэл ашиглагч нартаа зориулж, баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашины их гэрлийн ойрын тусгалыг өөрчлөх гарын авлага гаргаж байна.

2016 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан 500 гаруй мянган тээврийн хэрэгслийн 50-аас илүү хувь нь буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй  байна гэсэн судалгаа бий