Үйлдвэрлэл, аж ахуйн нэгжийн дэргэдэх хэмжил зүйн лабораториуд ур чадвараа үнэлүүлэх, ISO 17025 стандартын дагуу итгэмжлэгдсэн лабораторийн хувьд хэмжил ба шалгалт тохируулгын чадавхыг хүлээн зөвшөөрүүлэх, чанар хангалтын шаардлага хангах нэг гол үзүүлэлт бол харьцуулалтад оролцох явдал юм.

СХЗГ-ын хэмжил зүйн хүрээлэнгийн уртын эталоны лабораториос гадаад хэмжлийн микрометрийн шалгалт тохируулгын лаборатори хоорондын харьцуулалтыг 2022 оны 4 сарын 04 –нөөс 6 сарын 15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Харьцуулалтад СХЗГ, Автотээврийн үндэсний төв /ТӨҮГ/ , Эрдэнэт үйлдвэр /ТӨҮГ/, ДЦС-4, МИАТ/ТӨХК/, УБТЗ /ХНН/ зэрэг байгууллагын 7 лаборатори оролцсон ба тус үйлдвэрийн газрын Хэмжил зүйн лабораторийн хэмжлийн чадавх (CMC) зохион байгуулагчийн хэмжлийн чадавх (CMC)-тэй ойролцоо буюу ижил түвшний үр дүнг илэрхийлсэн байна.

Тус үйлдвэрийн газраас “Автотээврийн салбарын чанарын дэд бүтцийг бэхжүүлэх” зорилтыг дэвшүүлж олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд өөрийн бүтцэд “Хэмжил зүйн лаборатори”-ийг байгуулж салбарын хэмжээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангуулах замаар салбарын хэрэглэгч үйлчлүүлэгч болон хүрээлэн буй орчныг буруу хэмжлийн сөрөг үр дагавараас хамгаалах, зам тээврийн ослын тоог бууруулах зэрэг олон үр дүнг зорьж байна.