Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Архангай аймгийн ард иргэд болон баруун бүсэд зорчих иргэдийн тав тухтай байдлыг хангахуйц  Авто тээврийн шинэ барилгаа өнгөрсөн амралтын өдрүүдэд ашиглалтад орууллаа.

Энэхүү бүтээн байгуулалтыг нээлтийн үеэр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран "Цаашид иргэд зорчигчдынхоо ая тухыг хангасан олон бүтээн байгуулалт, бодлого зохион байгуулалтыг хийхээр ажиллаж байна” гэв. 

Нийт 3000 м2 талбайтай тус автовокзал, техникийн хяналтын үзлэгийн төвөөр баруун аймгийн 12 автобус бүртгүүлэн түр зогсолт хийж байх юм байна. Энэ нь Архангай аймгийн эдийн засагт үр өгөөжөө өгч, орлого орох бүрэн боломж бий болж байгааг нээлтийн үеэр аймгийн удирдлагууд онцоллоо. 

Тус төв ашиглалтанд орсноор хот хооронд шуудан үйлчилгээ, илгээмж тээвэрлэлт, Цэцэрлэг-Мөрөнгийн чиглэлд улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай орчин бүрдэж байгаа аж. Автотээврийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор орон нутагт хийгдсэн энэхүү томоохон бүтээн байгуулалт нь төрийн бодлогыг орон нутгийн бодлоготой уялдуулсан шинэ ажил боллоо. 

Энэ төв ашиглалтанд орсоноор 20-30 хүний тогтмол ажлын байр бий болох ба зорчигчдын ая тухыг хангасан хүлээлгийн танхим, амрах өрөө, үйлчилгээний төвүүд байхаас гадна авто тээврийн үзлэг оношилгоог хийх цогц төв болох юм. 

Цаашид Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас орон нутагтайгаа хамтран ажиллаж, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих, төр хувийн хэвшлийг дэмжих бодлого баримтлан ажиллахаа илэрхийллээ.