Peak.mn
09 сарын 23, 2024
Олон улсын зэрэглэл тогтоогч Фитч агентлаг Монгол Улсад "Fitch on Mongolia" форумыг өнөөдөр (2024.09.23) зохион байгууллаа.
Монгол Улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Б.Амгалан тус форумд зочин илтгэгчээр оролцож, Хөгжлийн банк болон банкны салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар ярилцсан юм.
Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарын төлөв байдал, байгаль орчин, нийгэм, засаглал (ESG)-ын стратеги, мөн хөрөнгийн зах зээл, зах зээлийн эрсдэл, боломжуудыг удирдах арга замууд зэрэг нарийн асуудлуудыг хэлэлцэх зорилготой энэхүү форумд Хөгжлийн банк болон бусад банк санхүү, даатгал, олон улсын санхүүгийн салбарын төлөөллүүд оролцлоо.
Фитч агентлаг нь олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч томоохон байгууллагуудын нэг бөгөөд 2018 оноос Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг тогтоосоор ирсэн юм.
Тус агентлаг өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг танилцуулсан.
Ингэхдээ Хөгжлийн банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг B+ болгон ахиулж, Засгийн газрын зээлжих зэрэглэлтэй ижил түвшинд хүргэсэн. Энэ түвшинд хүрэхэд дараах хүчин зүйлс голлон нөлөөлснийг тус агентлагаас онцолсон юм. Үүнд:
Монгол Улсыг 2024 онд дэлхийн хамгийн хурдтай өсөх эдийн засагтай орны нэг болох төдийгүй 2024-2026 онд манай улсын бодит ДНБ-ий өсөлтийг дунджаар 6%-д хүрнэ хэмээн урьдчилан таамаглаж байна. Энэ нь нүүрс, зэс болон бусад ашигт малтмалын экспорт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотой. Гэсэн хэдий ч гадны санхүүжилт, нэг улсаас өндөр хамааралтай экспорт, их хэмжээний гадаад өр зэрэг нь үнэлгээнд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс болж буйг форумын үеэр талууд тодотголоо.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.