Өнгөрсөн даваа гарагт Шри Ланка улсын Ерөнхий сайд улс орноо 1948 онд Их Британиас тусгаар тогтнолоо олж авснаас хойшхи хамгийн хүнд эдийн засгийн хямралд өртснөө зарласан юм. 

Шри-Ланкийн гадаад валютын нөөц бараг дуусч, импортоос ихээхэн хамааралтай тул гол хүнсний бүтээгдэхүүн, түлш шатахуун авах боломжгүй болсон. 

Шри Ланкийн засгийн газар 51 тэрбум долларын гадаад өртэй. Энэ онд гэхэд гадаад өрнөөсөө 7 тэрбум доллар төлөх шаардлагатай байгаа юм.

Дөрөвдүгээр сард Шри Ланкийн засгийн газар нийт 78 сая ам.долларын эргэн төлөлтийг хийж чадаагүй. Энэ нь Шри Ланка тусгаар тогтносноос хойш анх удаа гадаад өр төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн тохиолдол байлаа.
Одоогоор нэн шаардлагатай шатахуун импортын бараагаа авахын тулд 3 тэрбум долларын яаралтай зээл авахыг хүссэн ажээ. 

Дэлхийн банк 600 сая долларын зээл олгохоор болж, Энэтхэг улс 1.5 тэрбум долларын зээл олгох боломжтой гэдгээ мэдэгдсэн. 

Шри Ланка Хятад улсад гэхэд л 6.5 тэрбум долларын өртэй байгаа ба өрийн бүтцийг хэрхэн өөрчилж, эргэн төлөх талаар ярилцсаар байна.

Засгийн газрын зүгээс тус улсад цар тахлын улмаас жуулчин ирээгүйгээс болсон гэж тайлбарлажээ. Шри Ланка улс нь аялал жуулчлалаас эдийн засаг нь хамааралтай орнуудын нэг мөн.  Гэсэн ч олон улсын шинжээч, эдийн засгийн мэргэжилтнүүд төр засгийн буруу бодлого, менежментээс болсон хэмээн дүгнээд буй.