МАН-ын бүлгийн гишүүд бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийнхээ албан бланк дээр УИХ-ыг тараахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Энэ бол манай улсын парламентын түүхэнд байгаагүй санаачлага юм. УИХ-ын гишүүд уг асуудал дээр янз бүрийн байр суурьтай байна. Зарим нэг нь УИХ эрх зүйн чадамжгүй болсон гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь үүнийг хариуцлагаас мултрах арга, ард иргэдийн сонголтыг хүндэтгэх ёстой гэж үзэж буй.

Энэ шийдлийг 2020 оны сонгуулиас өмнө МАН улс төрийн хариуцлагаа хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл хэмээн бусад нам эвслүүд үзэж байна.

Албан бус мэдээгээр 47 гишүүн уг бланк дээр гарын үсэг зурсан гэх мэдээ байна. Хэрэв 4 гишүүн гарын үсэг зурахад л Үндсэн хуулийн холбогдох заалтаар УИХ өөрөө тарах нь. Гишүүдийн байр суурийг хүргэж байна.


УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

УИХ-ыг тараахаар санал асуулга явуулах гэж байна. Санал асуулга явуулах нь хууль дүрэмдээ нийцэж байгаа эсэх үндэслэлийг шалгаж үзэх хэрэгтэй. Хуульдаа нийцэж байгаа бол болох л асуудал. Зурахаасаа өмнө судалж үзнэ. Хэн нэгний шахалт шаардлагаар лав зурахгүй. Одоогийн байдлаар албан ёсны баланктай албан бичиг надад ирээгүй байна. Хэдхэн сарын дараа сонгууль болох гэж байж урьдчилаад тарах нь хууль дүрэмд нийцэхгүй.


Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

Парламент тараах гэж байгаа нь башир арга шүү дээ. Сайндаа ч Их хурлыг тараах гээд байгаа юм биш. Ард түмний тархийг угаах, төөрөгдүүлэх, тодорхой суудал хадгалж үлдэх гэсэн л зорилготой. Энэ цаг үед Их хурал тарвал маш том эрсдэл дагуулна. 2020 оны төсвийн хууль аравдугаар сард хэлэлцэгдэх гэж байна. Төсвийн хууль гэдэг Үндсэн хуультай дүйцэхүйц маш чухал хууль. Үндсэн хуулийн өөрчлөлт УИХ-ын хэлэлцүүлгээр дөрвөн удаа ордог. Ердийн хууль хоёр удаа чуулганаар ороод, гурав дах дээрээ батлагддаг. Төсвийн хууль тухайн улс орны ирэх жилийн нийгэм эдийн засгийн гол түлхүүр буюу айлаар бол өрхийн төсөв шүү дээ. Энэ хуулиа ч хэлэлцэж эхлээгүй. Түүнчлэн энэ мэт маш олон асуудлаас зугтааж байгаа хэрэг.


УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа

УИХ тарснаар Монголд  улс төрийн тогтворгүй байдал улам бүр нэмэгдэнэ. Ээлжит бус сонгууль явуулах тухай ярьж дэмжиж байгаа эрхэм УИХ-ын гишүүдээ, Та бүхнийг өөрийнхөө болоод намын эрх ашгаа МОНГОЛ улсынхаа эрх ашгаас дээгүүр тавьж байна гэж өчүүхэн би бодож байна. САЙН ТУНГААЖ БОДОХЫГ ХИЧЭЭНГҮЙЛЭН ХҮСЬЕ.


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

УИХ-ыг тараая гэж гарын үсэг огтхон зураагүй юм сан. Бас хэн нэгэн надтай уулзаж УИХ-ыг тараах талаар яриа өрнүүлээгүй гэдгийг хэлмээр байна.


УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

УИХ тарахыг хувь гишүүнийхээ хувьд дэмжиж байна.  Би гарын үсгээ зурсан нь үнэн. Энэ парламент ямар ч чадамжгүй болсон. 51 гишүүний гарын үсэгтэйгээр л шийдэгдэх асуудал. Иймээс МАН өөрөө санаачлагатай байх хэрэгтэй. Улсаа бодоод УИХ эрсдэл үүрч, тарах хэрэгтэй. Дахин сонгогдохгүйгээ мэдэрч байгаа гишүүд гүрийнэ л биз. Мань мэтэд нь дахин сонгогдох, үгүй нь сонин биш.


УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

УИХ өөрөө тарах, Ерөнхийлөгч түүнийг тараах үндэслэл, нөхцлийг тодруулан нэмсэн заалтыг дэмжив. УИХ-ын сонгуулийн бус улс төрийн хариуцлага хүлээх механизмыг тодруулан заав.


УИХ-ын гишүүн Л.Болд: 

Ээлжит бус сонгуулийг ярихдаа буруу өнцгөөс ярьж байгаад харамсаж байна. Засгийн газартай тооцоо хийх, УИХ-д байгаа зарим намуудтай тооцоо хийх өнцгөөс асуудалд хандаж байгааг ШИНЭ нам эсэргүүцэж байна.


УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Өнгөрсөн 30 жил нийгэмд бугшсан бүх буглааг тайлах дорвитой том шийдвэрүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд суусан гэж харж байгаа. Гэтэл үүнээс өмнө УИХ–ыг тараах асуудлыг гаргаж байгаа нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд бойкот хийх гэж байгаа бол ойлгохгүй байна.