Унадаг дугуй, мотоциклээр ажлаа амжуулдаг байсан байгаль хамгаалагчид бас нэгэн туслах хэрэгсэлтэй болжээ. Энэ бол нисдэг камер буюу дрон бас мэдээлэл дамжуулах хяналтын систем, төхөөрөмжүүд, моторт хөрөө, үүргийн гал унтраагуур, түймэрт тэсвэртэй ажлын хувцасууд юм. Эдгээр хэрэгсэлийг өнөөдөр байгаль хамгаалагчдад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрынхан гардуулан өгөв.

Мэргэжлийн дроноор 500 метрийн өндрөөс 7 км радиус дахь газар нутгийг хянах боломжтой бөгөөд 72 км/цагийн хурдтай нисч, зөрчлийг 4К нягтралтай баримтжуулдаг. Гэмт хэрэгтэй тэмцэхээс гадна зэрлэг амьтдын тооллого судалгаа, түймрийн хяналт зэрэгт ашиглах юм байна. 

Байршил тодорхойлогч төхөөрөмж нь байгаль хамгаалагчдын явсан зам, чиглэлийг цаг, минуттай мэдээлэхээс гадна төв хяналтын системтэй мэдээлэл солилцох, мессеж явуулах, ойролцоох байгаль хамгаалагчдаас тусламж хүсэх, байршлаа илгээх функцтэй. Байгаль хамгаалах ажилд технологийн дэвшлийг ашигласнаар байгаль хамгаалагчдын аюулгүй байдлыг хангах боломжтой юм.