Шинэ коронавирусийн халдвар дэлхий хэмжээнд цар тахалд хүрснээс олон байгууллагын үйл ажиллагаа зогсож, улс орнуудад эдийн засгийн хүндрэл үүсээд буй. Өнгөрсөн нэгдүгээр сараас хорио цээрийн дэглэм тогтоож, урьдчилсан сэргийлэх арга хэмжээг яаралтай авсны хүчинд манай улс өнөөдрийг хүртэл дотооддоо коронавирус дэгдээлгүй барьж байна. Илэрсэн 11 тохиолдол нь зөөвөрлөгдөн орж ирсэн.

Гэвч эдийн засгийн хүндрэл байгууллага, иргэн бүрийн хаалгыг тогшиж байна. Үүнтэй холбоотойгоор өчигдөр Засгийн газраас аж ахуйн нэгж, ажилчид, иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг 10 дугаар сарын 01-н хүртэл чөлөөлөх, хүүхлийн мөнгийг нэмж олгох шийдвэр гаргасан.

Тэгвэл арилжааны банкууд харилцагчидаа санхүүгийн дарамтад орохоос сэргийлж, дэмжлэг үзүүлэх зорилгоор зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулах, төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги, торгууль тооцохгүй байх зэрэг шийдвэр гаргажээ.

Энэ талаарх Төрийн банк, ХААН банк, Голомт банк, Хасбанк, Худалдаа хөгжлийн банкны мэдээллийг тус бүрээр нь хүргэж байна.


Төрийн банк

Харилцагчдаа санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, энэ хүнд үеийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Төрийн банк зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах үйлчилгээний шимтгэл болон хугацаа хэтэрсэн тохиолдолд тооцдог нэмэгдүүлсэн хүү, торгуулиас  чөлөөх шийдвэрийг гаргаад байна.  

Төрийн банк нь орлого нь тасалдсан, доголдсон зэргээс шалтгаалан бизнесийн зээлийнхээ гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг нэгж дээр хүлээн авч байгаа. Ирэх долоо хоногоос эхлэн хүсэлтийг онлайнаар авахаар төлөвлөн ажиллаж байна. 

Мөн хэрэглээний бүх төрлийн зээл, цалингийн, автомашины, лизингийн, сургалтын төлбөрийн, малчны зээл, кредит картын зээлтэй харилцагчдын хувьд гэрээний бүтцэд өөрчлөлт оруулан ямар нэгэн шимтгэл хураамж нэмэлтээр авахгүйгээр газар дээр нь шийдвэрлэж байна. 

Төрийн банк нь цар тахлын үеэр харилцагчдаа банкинд ирэлгүйгээр хэрэглээний бүх төлбөрийг онлайнаар төлөх боломжийг олгон интернэт банкны болоод, шинээр карт захиалж буй хэрэглэгчдийнхээ жилийн хураамжийг чөлөөлөх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна.


ХААН банк

ХААН Банк харилцагчдаа санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, энэ хүнд үеийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИМТГЭЛ болон хугацаа хэтэрсэн тохиолдолд тооцдог НЭМЭГДҮҮЛСЭН ХҮҮ, ТОРГУУЛИАС чөлөөлөөд байна.

Эрхэм харилцагч танд зээлээ төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн бол зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтээ онлайнаар илгээн шийдвэрлүүлээрэй. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.


Голомт банк

Голомт банк нь энэ оны хоёрдугаар сараас эхлэн бизнесийн үйл ажиллагаа нь доголдож, тасалдал үүссэн харилцагчдынхаа санхүүгийн бэрхшээлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлж, шимтгэл хураамжгүйгээр зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулан үндсэн төлбөрийг хойшлуулах, хугацааг сунгах ажлуудыг хийж байна.

Монголбанкнаас гаргасан шийдвэрийн дагуу бүх төрлийн хэрэглээний зээлийн ангилалд өөрчлөлтүүдийг оруулсан. Монголбанкнаас гаргасан энэхүү зохицуулалт нь 2020 оны 01-р сарын 31-нээс 2020 оны 07-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хэрэгжих юм.

Хэрэв харилцагч танд шинэ коронавирусийн цар тахлаас үүдэлтэй бизнесийн тасалдал үүссэн, орлого буурч зээлээ төлөхөд хүндрэл үүссэн бол зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтээ:
https://zeel.golomtbank.com холбоос дарж бөглөх
• mail@golomtbank.com хаягаар ирүүлэх
• Голомт банкны салбар, тооцооны төвүүдэд хандах боломжтой.

Таны хүсэлтийг хүлээн авч, ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэн эргэн хариу өгөх болно.


ХасБанк

ХасБанк коронавирусийн хорио цээрийн улмаас зээлийн эргэн төлөлтөд нь бэрхшээл үүссэн харилцагчдынхаа зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулах, хугацааг сунгах зэргээр гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж, хүсэлтийг нь онлайнаар авч байна.

Хэн хүсэлт гаргаж болох вэ?

Уг хүсэлтийг зөвхөн Covid-19 халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор тогтоосон хорио цээрийн улмаас орлого нь буурч, зээлийн эргэн төлөлтөд нь бэрхшээл учирсан бөгөөд үүнийгээ НОТЛОХ БАРИМТТАЙ харилцагчид гаргана.

Ямар төрлийн зээлүүд хамрагдах вэ?

  • Бичил, жижиг бизнесийн зээл /100 сая төг хүртэлх дүнтэй/
  • Орон сууцны зээл /8%-ийн хүүтэй зээлээс бусад/
  • Тээврийн хэрэгслийн зээл /100 сая төг хүртэлх дүнтэй/

Хэрэв та 100 сая төгрөгөөс дээш дүнтэй зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах бол зээл авсан салбартаа хандан хүсэлт гаргана уу.

Хэрэглээний болон цалингийн зээлтэй харилцагчдын хувьд хүсэлтээ онлайнаар илгээж болох ч Монголбанкны журмын хэрэгжилт тодорхой болсны дараа шийдвэрлэгдэх боломжтой.

Та дараах холбоосоор орж хүсэлтээ илгээнэ үү. https://www.xacbank.mn/?open_form=true

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу


Худалдаа хөгжлийн банк

Коронавирусээс үүдэлтэйгээр харилцагч Та бүхний санхүүгийн хүндрэлтэй байдлыг хөнгөвчлөх зорилгоор Хэрэглээний зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, Үйлчилгээний шимтгэл болон хугацаа хэтэрсэн тохиолдолд тооцдог нэмэгдүүлсэн хүүг авахгүй байх шийдвэрийг гаргалаа.

Энэхүү шийдвэр нь Худалдаа, хөгжлийн банкны ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛ авсан бүх харилцагч нарт хамаарах бөгөөд 2020 оны 7-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хэрэгжих юм.

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан харилцагч Таны орлого буурч, зээлээ төлөхөд хүндрэл үүссэн бол зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтээ онлайнаар шийдвэрлүүлэх боломжийг бид бүрдүүлээд байна. Энд дарж, холбоосоор орж хүсэлтээ илгээнэ үү.

Бизнесийн зээлтэй харилцагчдын хувьд коронавирус халдварын улмаас орлого нь тасалдсан, буурснаас шалтгаалан зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтэй бол зээл авсан салбартаа хандах боломжтой.