Монгол улсын санхүүгийн салбарын хөгжил дараагийн шатанд гарч, тус салбарт ажилладаг компаниуд олон нийтэд хувьцаагаа санал болгож эхэллээ. Ард Даатгал компани даатгалын салбараас хувьцаагаа олон нийтэд санал болгосон анхны компаниудын нэг нь болж өнөөдөр цангаа цохин, хувьцааны захиалгаа эхлүүлэв.

Даатгалын салбарын хувьд цаашид өргөжин тэлэх өргөн боломжтой, ойрын ирээдүйд 5-10 дахин өсөх салбар гэж шинжээчид тодорхойлдог. Энэ хөгжлийн үйл явцыг хурдасгах, түүнээс гадна энэ салбарын өсөн нэмэгдэж буй үр өгөөжийг хүссэн хүн бүр хүртэх боломжийг Ард Даатгалын IPO олгож байгаа юм. 

Монголын санхүүгийн, даатгалын салбарт шинэ хуудас нээх зорилгоор олон нийтэд санал болгож буй Ард Даатгал компанийн хувьцааны захиалга өнөөдрөөс энэ сарын 25-ны хооронд явагдана. Энэхүү саналаараа Ард Даатгал 5 тэрбум 250 сая төгрөгний хөрөнгө татан төвлөрүүлж, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. “Ингэснээр эрсдэл даах чадвар улам сайжирч, давхар даатгалын зардал багасч, зөвхөн тус компанид төдийгүй санхүүгийн салбар, бизнесийн орчинд таатай нөхцөл бий болно” гэдгийг "Ард Даатгал" компанийн Гүйцэтгэх Захирал Г.Цогбадрах онцолж байна. 

Үүнээс гадна аль болох олон хөрөнгө оруулагчид боломж олгохын тулд нэгж хувьцаагаа үндсэн үнэлгээнээс 40 хувь хямдруулан 700 төгрөгөөр санал болгожээ. Энэ нь бүгдээрээ, нийтээрээ хөрөнгө оруулагч үндэстэн болох гэсэн Ард Санхүүгийн Нэгдлийн алсын хараанд нэг алхам ойртож байна” гэж Ард Даатгал компанийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг энэ IPO-ийн талаарх сэтгэгдлээ илэрхийлсэн юм.