Асар хүчтэй “Флоренс” хар салхи АНУ-ын зүүн өмнөд хэсгийн эрэг орчмын бүс нутгуудад ойртон ирж байгаатай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп “Маш сайн бэлтгэлтэй байх”-ыг зөвлөсөн байна.

Дөрөвдүгээр түвшний шуурга хэмээн тооцогдож байгаа  “Флоренс” хар салхи 220 км/цагийн хурдтайгаар урагшилж байгаа юм. Цаг уурын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, уг хар салхи пүрэв гарагийн орой эсвэл баасан гарагийн өглөө Умард болон Өмнөд Каролина муж улсыг дайран өнгөрч, цаашид хойд зүгийг чиглэх төлөвтэй байна. Хойд зүг буюу энэ чиглэлд Виржиния, Мэрилэнд, Делавар муж улс болон нийслэл Вашингтон хот байрлаж байгаа юм.

Өчигдөр буюу мягмар гарагийн үд орчимд эргийн дагуу байрладаг Умард болон Өмнөд Каролина муж улсын нэг сая гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Эдгээр муж улсын шатахуун түгээх газруудын нөөц болон дэлгүүрүүдийн яаралтай тусламжийн хэрэгсэл дууссан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг