Зүүн Африкийн мухар сүсгээс болж альбинос хүмүүсийг цэргийн тусгай хамгаалалтад авахад хүрчээ. Учир нь альбинос хүмүүсийн биеийн хэсэг аз жаргал, эд хөрөнгө дууддаг гэх бүдүүлэг, ор үндэсгүй сүсэг бишрэлээс болж хар зах дээр тэдний гар, хөлийг худалддаг аймшигтай явдал одоо ч үргэлжилсээр байна.

Малавийн цагдаа нар альбинос хүн рүү дайрч байгаа этгээдийг газар дээр нь буудан хороох эрхтэй бол Танзанийн Ерөнхий сайд альбинос хүний гар, хөлийг зарах гэж оролдсон хүнийг нэн даруй хөнөөх эрхийг иргэддээ олгожээ. Мөн зэргэлдээх Бурундид альбинос хүүхдүүдийг тусгай хамгаалалтад, нэг дор байлгахаар болсон аж. “Найзууд маань өдөр бүр амьтан шиг бусдын гарт амиа алдаж байгааг бид хараад сууж чадахгүй. 

Тэдгээр хулгайч хэрцгий, хайр найргүй учир тэдэнд ч адилхан хандах хэрэгтэй” хэмээн тэд сэтгүүлчдэд ярьжээ. Малавид нэгэн этгээд 16 настай хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарсны дараахан эрх баригчид тоймтой арга хэмжээ авч эхэлсэн юм.

Улаан загалмайн нийгэмлэгийн мэдээлснээр оточ нар альбиносын биеийн хос гар, хөлийг 75 мянган ам.доллараар худалдаж авдаг байна. Альбинос хүмүүсийн гэр орон руу дайран орж, гар, хөлийг нь тасддаг хулгайчдыг устгах нь жижиг загасыг л барьж байгаа хэрэг. Тэдний цаана байгаа аварга махчин загаснуудтай тэмцвэл энэ бүхэн дуусгавар болно. Дээрэмчдийг хөлсөлж, гэмгүй хүүхдүүдийг хөгжлийн бэрхшээлтэй болгож буй цаад эзэдтэй нь дэлхий нийтээрээ тэмцэх хэрэгтэйг Альбинос хүмүүсийн эрхийг хамгаалах нийгэмлэгүүдээс уриаллаа.

Альбинос нь генийн гажуудал бөгөөд 20 мянгад нэг тохиолддог ховор өвчин юм. Гэвч Африкийн Сахарын орнуудад 1400 хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвчилдөг ажээ. АНУ-ын эмч нар бие, сэтгэлээрээ хохирсон хүүхдүүдэд туслалцаа үзүүлж, хиймэл гар, хөл суулгах эмчилгээ хийж байна.