"ШЕЗ-өөс батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг тусгаарласан, дарга цэрэг гэж ялгахгүй"

Б.Баясгалан
12 сарын 03, 2020

Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэг ажилтнаас коронавирус илэрсэн учир өчигдөр байрыг нь хамгаалалтад авч ажилчдыг нь тусгаарласан.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэг батлагдсан тохиолдол ойрын хавьтлаа хэлэхгүй нуусан нь тандалт, судалгааны явцад илэрсэн. Тухайн хүнийг олж аваад коронавирусийн шинжилгээ хийхэд 11 дүгээр сарын 28-нд халдвартай нь батлагдсан. Энэ хүний ойрын хавьтлуудыг хөөж тандан судалж байна. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлд ажилладаг үйлчлэгч коронавирусийн халдвартай нь батлагдсан.

Бид хавьтлуудыг илрүүлэх, тусгаарлах, шинжилгээ авах ёстой. Энэ горимоороо ажилласан. Шүүхийн ерөнхий зөвлөл дээр манай 2 баг очиж ажиллан, батлагдсан тохиолдолтой ойрын хавьтал болсон хүмүүсийг тусгаарласан. Түүнээс биш дарга, цэрэг гэж ялгахгүй.

Ойрын хавьтал гэж тухайн батлагдсан тохиолдолтой 24-48 цагийн дотор амны хаалтгүй, 1.5 метрээс дотогш зайнд харьцсан хүмүүсийг хэлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч нь барилгынхаа 2 дугаар давхарт ажилладаг учир тэр хавийнх нь хүмүүсийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан. Нийт 50 гаруй хүнээс шинжилгээ авсан. Урьдчилсан байдлаар 37-гоос нь илрээгүй байна. Бусдынх нь хариу гараагүй байна. Тусгаарлагдаагүй ажилчдыг гэрийн тусгаарлалтад байх зөвлөмж өгсөн" хэмээлээ.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.