Форбес сэтгүүлийн зүгээс лхагва гарагт мэдээлснээр дуучин Рианна албан ёсоор тэрбумтан болжээ. 

Фенти хувцас загварын бренд болон Фенти Бьюти гоо сайхны брендийг эзэмшигч түүний нийт хөрөнгө 1.7 тэрбум доллароор үнэлэгдэж, дэлхийн хамгийн баян эмэгтэй дуучнаар нэрлэгдсэн байна. Мөн тэрээр Опра Уинфригийн араас дэлхийн хамгийн баян эмэгтэй интертайнерээр тодорчээ. 

Түүний хөрөнгийг нарийвчлан авч үзвэл 1.4 тэрбум долларыг Фенти Бьютигийн 50 хувийн хувьцаа бүрдүүлдэг байна. Харин үлдсэн хөрөнгийн хувьд дийлэнх нь хөгжим, кино бүтээлийн орлого, дотуур хувцасны коллекцоос нь орж ирдэг юм.

Форбесийн зүгээс түүний энэхүү амжилтыг дан ганц алдар хүндийн тусламжтай бий болоогүйг дурдаж, түүний бренд бүтээгдэхүүнүүд үргэлж маш олон сонголттой байдгийг онцолжээ. Үүний нэг жишээ бол Фенти Бьютигийн үйлдвэрлэдэг нүүрний суурь крем гэхэд л 50 өнгийн сонголттой байдаг.


Эх сурвалж: Rolling stones