ОХУ допингийн асуудлаар олимпд оролцох эрхээ хасуулж, Оросын олимпын хороо өөрийн нэрийн дор тамирчдаа явуулах болсон. Тийнхүү 30 гаруй спортын төрөлд 300 гаруй тамирчнаа явуулсан Оросын олимпын хороо одоогоор медалийн жагсаалтын дөрөвдүгээр байранд бичигдэж байгаа юм. 

Гэсэн ч өрсөлдөгчдийнх нь зүгээс яг цэвэр өрсөлдөөн болсон эсэхэд эргэлзэх тамирчид бишгүй байгаа ба ОХУ-ын тамирчдыг олимпд оролцох ёсгүй байсан гэж үзэх хүмүүс ч бишгүй байгаа ажээ. 

200 метрийн араар даллаж сэлэх төрөлд оросын тамирчин Евгений Рыловт алтан медалиа алдсан АНУ-ын тамирчин Риан Мурфи “тийм ч цэвэр ялалт байгаагүй” хэмээжээ.

Их британи улсын усан сэлэлтийн тамирчин ч мөн энэ талаар өөрийн сэтгэгдлийг хэлсэн бөгөөд “Мэдээж шударга өрсөлдөөн болж байгаа эсэхийг мэдэхгүй уралдах гэдэг хэцүү нөхцөл байдал. ОХУ олимпд оролцож байгаа талаар маш их мэдээлэл явж байгаа. Харин тамирчны хувьд улсаас нь допингийн хөтөлбөр явуулдаг тамирчидтай уралдах гэдэг бүр ч хэцүү. Энэ бүхнийг илүү сайн шалгадаг болоосой гэж хүсэж байна” гэжээ.

Мөн АНУ-ын завьт спортын тамирчин Меган Калмой “Энд байх ч учиргүй хүмүүс тэмцээнд оролцоод бас ч болоогүй мөнгөн медаль өвөртлөөд буцахыг харна гэдэг үнэхээр гутамшиг” гэсэн байна.


Эх сурвалж: BBC