Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
03 сарын 16, 2026
Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд хогны уут шиг харагдах нэгэн цүнх олны анхаарлыг татаад байна. Шар өнгийн гялгар уутыг санагдуулам энэхүү загварын талаар зарим хүн хошигнож, егөөдсөн зураг бичлэг цахим орчинд нийтэлж байгаа бол нөгөө хэсэг нь шүүмжлэлтэй хандаж байна.
Гэхдээ энэ бол дэлхийн загварын ордон гэгдэх Balenciaga-ийн гаргасан “Trash Pouch” нэртэй цүнх юм. Уг загварыг 2022 онд танилцуулсан бөгөөд ойролцоогоор 1,790 ам.долларын үнэтэй.
Өөрөөр хэлбэл, монгол мөнгөөр 6 сая төгрөгийн өртөгтэй тансаг бүтээгдэхүүнд тооцогдох юм.
Энэхүү цүнх цэнхэр, хар, цагаан шар дөрвөн өнгийн сонголттой бөгөөд тугалын арьсаар хийсэн материалттай аж. Тугалын арьс нь зөөлөн бүтэцтэй, гадаргуу нь жигд, элэгдэлд тэсвэртэй байдгаараа онцлог байдаг байна. Түүнчлэн хэлбэрээ сайн хадгалдаг, удаан хугацаанд хэрэглэсэн ч өнгө, бүтэц нь хуучирдаггүй учраас тансаг зэрэглэлийн цүнх, гутал үйлдвэрлэлд өргөн ашиглагддаг ажээ.
| Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() |
Balenciaga-гийн дизайнер Demna Gvasalia энэ загвараа танилцуулсныхаа дараа “Дэлхийн хамгийн үнэтэй хогны уут хийх боломжийг алдахыг хүсээгүй” хэмээн хошигнон хэлж байжээ. Тухайн үед түүний хэлсэн үг загварын ертөнцөд ихээхэн маргаан дагуулсан байна.
Тэгвэл тус цүнх сүүлийн үед дахин олны анхаарлыг татах болсон нь Хятадад болдог Weibo Movie Night ёслолын арга хэмжээтэй холбоотой аж. Тус арга хэмжээнд жүжигчин Zhang Jingyi шар өнгийн хогны уут барьж гарч ирснээр “Trash Pouch” цүнхийг дахин алдаршуулжээ.

Түүний энэ үйлдлийг зарим хүн тансаг загварын брэндүүдийг хошин байдлаар шүүмжилсэн гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь олны анхаарлыг татах зорилготой ухаалаг маркетингийн нэг хэлбэр гэж харж байна.
Угтаа Balenciaga брэнд ийм төрлийн маргаан дагуулсан, этгээд загваруудаараа алдартай. Загварын шинжээчдийн үзэж байгаагаар хүмүүс гайхаж, шүүмжилж, сошиалд өргөнөөр ярилцах тусам брэндийн маркетинг улам хүчтэй болдог байна.
БИЧЛЭГ ҮЗЭХ:
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.