2018 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Өргөө болон Хүрээ амаржих газар зэрэг 6 эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулах юм. Энэ ажилд 5 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд ирэх наймдугаар сард улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж буй юм. 

Тус эмнэлгүүдийн тохижилтын ажилтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар өнөөдөр газар дээр нь очиж танилцлаа

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Нийслэл хотын удирдлагууд эрүүл мэндийн салбараа дэмжиж байгаагийн илрэл энэ юм. Эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтыг сайжруулах төсвийг Эрүүл мэндийн яам гаргах боломжгүй. Энэ жил 6 эмнэлгийн гадна талбайн тохижилтыг ажлыг хийнэ. Гадна тохижилтыг хийнэ гэдэг гэдэг нь ногоон байгууламж, салхилах талбай, гэрэлтүүлэг, хамгийн гол нь автомашины зогсоолыг шийдэж байна. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв гэхэд гаднаа 100 машины зогсоолтой болох юм” гэлээ.

Эх хүүхдэд төрөлжсөн тусламж үйлчилгээ үзүүлдэг ЭХЭМҮТ-ийн гадна талбайд 1 тэрбум 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байгаа юм. Нийт 15.900 м.кв талбайд тохижилт хийж 5900 м.кв талбайг шинээр тохижуулан, 2500 м.кв ногоон байгууламж шинээр байгуулж, 2260 м.кв явган хүний зам, 108 автомашины зогсоол мөн нисдэг тэрэгний зогсоолыг байгуулж байна.

Өнгөрсөн онд Шастины нэрэмжит 3-р төв эмнэлэг, ГССҮТ, ХСҮТ, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн гадна талбайн тохижилтын ажлыг хийж, зам талбай, усан оргилуур, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь хийж гүйцэтгэсэн юм.