Өчигдөр буюу 4 дүгээр сарын 4-ний өдөр Сөүл дэх Лоттэ Уорлд Молл дотор байрлалтай уран зургийн галлерейн хяналтын камерт маш үнэтэй урлагийн бүтээлийг сүйтгэж багаа хосын дүрс бичлэг нийтэд түгжээ. 

240смХ700см хэмжээ бүхий оноосон нэргүй тус бүтээл нь 2016 онд Сөүлийн гудамжинд үзэгчдийн өмнө JonOne хэмээх уран бүтээлчийн зурсан граффити зураг байв.  

Reuters агентлагийн мэдээлж байгаагаар, үзэсгэлэнгээс үзэсгэлэнгийн хооронд тус бүтээл болоод бусад бүтээлийн ойролцоох бийр будгууд ч байршилаа сольж байсан бөгөөд золгүй тохиолоор энэ удаад яг тэр бүтээлийн өмнө бийр будаг өрөөстэй байж таарсан гэнэ. 

Үүнийг харсан хос хоёр ч тухайн граффити зургийг олонд нээлттэй буюу үзэсгэлэнг сонирхсон хүмүүс өөрсдийн хүссэнээ нэмж, зурж болох бүтээл гэж ойлгон гар хүрсэн нь тэр байв.

Үзэсгэлэнг хариуцсан ажилтны хэлж байгаагаар хяналтын камерын бичлэгт хосууд граффити зураг руу будаг шүршиж, зоримог гэгч нь бийрээ гүйлгэж байжээ.


Хэргийн газар цагдаа дуудаж, хосуудыг баривчилсан ч үзэсгэлэнг зохион байгуулагчдын зүгээс хэрэг үүсгэхээргүй шийдвэрлэсэн нь яалт ч үгүй хаа хаанаа алдаа гаргасан гэж үзсэн байна.

Үзэсгэлэнг ахлагч Кан Вүүкийн хэлж байгаагаар " Тэд үнэхээр санаатайгаар энэ бүтээлийг сүйтгээгүй. Дэргэд нь бийр будаг байсан болохоор л дээр нь зурж болно гэж бодоод л алдаа гаргасан хэрэг. Одоогоор бид тус зургийг зурсан уран бүтээлчтэй нь зургийг дахин сэргээх эсэх талаар ярилцаж байна" гэжээ. 

Тус санамсаргүй алдааны улмаас өдгөө тухайн бүтээлийг хашаалж, "хүрч болохгүй" гэсэн санамжийг дэргэд нь өлгөсөн байна. 

Хэдийгээр энэ хэрэг санамсаргүй үйлдэл байж, уран зургийн галлерейд өрнөсөн ч олон нийтийн зүгээс граффити зургийг сүйтгэх тохиолдол их байдаг гэнэ.

Өнгөрөгч 3 дугаар сард л гэхэд гудамжны уран бүтээлч Banksy-гийн Ридинг дэх хуучирсан шоронгийн гадна зурсан бүтээлийг түүний өрсөлдөгчийн нэрээр тамгалж, хорлож байсан удаатай. 

PA

Тус бүтээлийн хувьд гэвэл шоронгоос оргож байгаа хүнийг дүрсэлсэн байсан бөгөөд доор нь Banksy өөрийн нэрийг бичсэн байсан ч хорлон сүйтгэгчид түүний нэрийг дарж оронд нь "Team Robbo" гэж бичсэн байжээ. 

Нэгэн цагт Banksy түүний зурсан граффити бүтээлийг арилган өөрийн зургаа зурж байсан учир тэд болоод фэнүүд нь ийн талцахад хүрсэн байна. Харамсалтай нь Robbo 2014 онд өөд болсон хэдий ч түүнийг дэмжигчид одоо ч Banksy-гийн бүтээлийг сүйтгэх нь бий ажээ. 


Эх сурвалж: UNILAD