Монгол улс Тайланд улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээ Тайландын өдөрлөгөөр эхэллээ

Жил бүр уламжлан зохион байгуулагддаг Тайланд Улсыг таниулан сурталчлах урлаг, соёлын өдөрлөг энэ жил Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд гадаад, дотоодын зочид, хүүхэд багачууд, урлаг, спортынхон, Тайландын соёлыг сонирхсон иргэд олноор оролцсон, хөл хөдөлгөөн, баяр хөөр дүүрэн өрнөлөө.

Тайланд Улс, Монгол Улсын хамтын ажиллагааг хариуцдаг БНХАУ-ын нийслэл Бээжин хот дахь Тайландын Вант Улсын Элчин сайд Чатчай Вириявежакул өдөрлөгийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "Нүүдэлчдийн энэ сайхан нийслэл хотод энэ жил дахин ирж, Тайланд орны өнгө, аясыг илтгэх энэ өдөрлөгийг та бүхэнд толилуулж байгаадаа баяртай байна. Энэ жилийн Тайландын өдөрлөг онцгой ач холбогдолтой юм. Учир нь бид энэ жил 1974 оны 3 дугаар сарын 5-нд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэж байна" гэлээ.  


Өдөрлөг Тайландаас ирсэн бүжигчдийн ардын бүжгийн уран  үзүүлбэрээр эхлэн, Монголд дэлгэрч буй Муай Тай буюу Тай боксын Тайланд, Монгол улсын тамирчдын ур чадварыг гайхуулсан үзүүлбэрээр үргэлжлэв. 

Арван жилийн өмнө Монголд үүсгэгдсэн Муай Тай Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Холбооны дэргэдэх Клубын багш Б.Гантогтох Тай боксоор хичээллээд 16 жил болж байгаа аж. Тэрээр Муай Тай боксыг сурахаар Тайландыг зорин 2 жилийн турш Тайландын уламжлалт спортыг суралцаад өдгөө багшилж байна. "Манай Клуб 8 - 40 насны 50 гаруй тамирчинтай. Энэ спортоор хичээллэхийн ач холбогдол их. Нэг дүгээрт, бие бялдар сайжирна, бие хамгаалах урлагт суралцана. Хоёр дугаарт, Муай Тай нь уламжлалт спорт учир бусдыг хүндэтгэх, сахилга бат суух, мөн энэ спортын философи болох өөрийгөө ялан дийлэхэд суралцдаг" гэлээ.  

  

Тайландын өдөрлөгөөр Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд зассан 40 асарт Тайландад үйлдвэрлэсэн тансаг торго, дурдан, бөс бараа, төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн, хатаасан жимс, Тай иргэдийн хийсэн амттай хоол хүнсний худалдаа гарч, бизнес эрхлэгчид хоорондоо танилцаж, худалдаа наймааны хамтын ажиллагаагаа ч хэлэлцэж байв. 

Үдийн цайны үеэр Тайланд хоолны асарт олон хүн дараалжээ. Дараалалд зогсож байсан Д.Намуун охин, "Би Тайландад нэг очиж байсан, маш их таалагдсан. Бас тэнд байхдаа стики манго райс-д маш дуртай болсон. Тайландын өдөрлөг болно гэж дуулмагцаа нөгөө амттанаа олж авна даа гээд ирсэн" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Амттанаас гадна тахианы сатэй, папайя салат, кокостой амтат шөл, сам хорхойтой ороомог, спринг роллз зэрэг Тай хоолыг хийж байгаа асарт хотын иргэд, гадаадын зочид олноор дараалсан байв. 

"Монголчууд Тайландын будаа, цуу зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг сайн мэддэг болжээ. Хэдийгээр манай хоёр улс газар зүйн хувьд зайтай оршдог ч логистик, тээврийг дараагийн түвшинд гарган хөгжүүлбэл, мөн манай хоёр улсын хооронд зөвхөн өвлийн чартер нислэг гэлтгүй жилийн турш хийх агаарын нислэгийн тоог ихэсгэн, тогтмолжуулчихвал бусад олон бараа бүтээгдэхүүний худалдаа идэвхжих, иргэд хоорондын солилцоо сайжрах бүрэн боломжтой. Монголчууд Тайландад өвлийн цагаар их ирж амардаг. Тайчууд Монголд айлчлах аялал жуулчлалыг хөгжүүлэх бас боломжтой," гэж Элчин сайд Чатчай Вириявежакул ярилаа. 

Тайландыг аялал жуулчлалын орон гэдэг. Үүнийхээ дагуу өдөрлөгийн үеэр сугалаа гаргаж, сугалааны азтануудыг Тайланд улсын Пукет хотод хосоороо аялан, долоо хоногийн турш амрах эрхийн бичгээр шагнаж байв. 

"Монгол Улс - Тайланд Улсын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байна. Уур амьсгалын өөрчлөлийн сөрөг үр дагавартай тэмцэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Тайландын сэргээгдэх эрчим хүчний компани Монгол Улсад төсөл эхлүүлж байгаа. Энэ төсөл нь нарнаас эх үүсвэрээ аван 109 мега Ватт эрчим хүчийг үйлдвэрлэн Монгол Улсад нийлүүлэх юм. Өнөөдрийн өдөрлөг дээр Тайланд улсын гоо сайхны бүтээгдэхүүн, хүнс үйлдвэрлэгч компаниудын төлөөлөл ч ирсэн байгаа. Тэд маань Монголын түнш компаниудтай гэрээ хэлцэл хийхээр ирээд байна," гэж Тайландын Вант Улсын Монгол дахь Өргөмжит Консулын газрын ажилтан Л. Тунгалаг хэлэв. Тайланд улсыг сонирхсон, хамтын ажиллагаа тогтоохыг хүссэн иргэд Тайландын Вант Улсын Монгол дахь Өргөмжит Консулын газарт хандаж болох аж. 

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 50 жилийн ойн хүрээнд Тайланд улсын нийслэл Бангкок хотод ч цуврал арга хэмжээ зохиохоор төлөвлөж байгаа юм байна. "Хоёр улс хоорондын найрсаг харилцаа нь ардын дипломат ажиллагаа, иргэд бие биеийнхээ түүх, соёл, урлаг, нийгэмтэй илүү дотно танилцахаас эхэлдэг. Манай өдөрлөг ч энэ найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилготой юм" гэж Л.Тунгалаг хэллээ. 






Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.