Бугуйн цаг нь тухайн хүний нийгэмд эзэлж буй байр суурь, амжилтыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг зүйлсийн нэг билээ. 

 Тиймээс улс орнуудын удирдагчид ямар брэндийн бугуйн цаг зүүж гангардаг талаарх мэдээллийг хүргэе.

Жо Байден олны өмнө зүүдэг гурван бугуйн цагтай

Дэлхийн нөлөө бүхий улстөрч эрхмүүдийн нэг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден голдуу Rolex брэндийн Datejust загварын бугуйн цагаар гоёдог. Энэхүү загвар нь хуучрашгүй сонгодог загваруудын нэг гэгддэг аж. Цагны нүүрний хэмжээ нь 41 мм  бөгөөд гүн цэнхэр өнгийн нүүртэй, гөлгөр хүрээтэй энэхүү загвар 1945 онд танилцуулагдаж байжээ.

Техник технологийн дэвшлийг бэлгэддэг. Зах зээлийн өнөөдрийн үнэлгээ нь 13 ам.мянган доллар буюу 39 сая орчим төгрөг. Жо Байденд үүнээс гадна Швейцарын Омега брэндийн хоёр цаг зүүдэг.

Ши Жиньпины Швейцар гангараа

2019 онд Япон улсын Осака хотод болсон “Их-20”-ын уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэхүү бугуйн цагийг зүүсэн нь гэрэл зурагчдын дуранд өртжээ. Энэхүү цаг нь Швейцарын Омега брэндийн Globemaster Co-Axial Master Chronometer загвар юм.

Цагны нүүрний хэмжээ 39 мм бөгөөд гялалзсан хөх өнгөтэй. Эх биеийг зэвэрдэггүй гангаар бүтээжээ. Зах зээл дээр худалдаалагддаг үнэ нь 12 ам.мянган доллар буюу 37 орчим сая төгрөг аж. 

В.Путин бугуйн цагны цуглуулгатай

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ховор нандин цаг цуглуулах хоббитой нэгэн. Түүний цуглуулгуудын дээжийг сонирхуулбал 100 мянган ам.доллараар худалдаалагддаг FP Journe брэндийн Chronometre Bleu загвар юм. Цагны хүрээ нь үл зэврэх ховор саарал металаар бүтээгджээ. Нийт 700 мянган ам.долларын үнэтэй цуглуулгатай. 

Володимр Зеленськийн энгийн гоёл

Украйн улсын зургаа дахь ерөнхийлөгч Володимр Зеленський нь тансаг ангиллын цаг үйлдвэрлэгч Tag Heuer брэндийн Carrera Calibre Heuer загварын цагийг зүүдэг. 

Гэхдээ үнэ нь тийм ч өндөр биш энгийн загварт тооцогдоно. Зах зээлийн ханш нь 3000 ам.доллар буюу 10 сая орчим төгрөгийн үнэтэй худалдаалагддаг. 

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны минималист сонголт

Олон улсын хэвлэлүүдийн дуранд төдийлөн өртөөд байдаггүй Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Жон Ун ямар цаг зүүдэг эсэх нь сонирхол татаж байна уу.

Тэрбээр энэхүү бугуйн цагийг 2022 оны 5 дугаар сард төв телевизээр мэдээлэл хийх үеэрээ зүүжээ.

Швейдын IWC брэндийн Portofino нь минималт загвар гэдгээрээ алдартай. Хүйс хамаарахгүй зүүдэг, сонгодог загвар юм.

Цагны нүүрний хэмжээ 40 мм, мөнгөн цагирагтай, 18 караттын алтан хайрцагтай,11 мянга орчим ам.доллараар худалдаалагддаг байна.