Налайх-Чойрын 20.9 км автозамын ажил дөрөвдүгээр сард эхэлсэн билээ. 

Төслийн гүйцэтгэлийн шатанд замын ажлыг үндсэн дөрвөн компани, туслах гурван компани хийж хэрэгжүүлж, 400 гаруй инженер техникийн ажилчид, 150 гаруй техник ашиглаж байна. Энэ зам маань ашиглалтанд орсоноор зөвхөн Улаанбаатар хотын төдийгүй зүүн бүсийн, Чойр, Замын-Үүдийн ачаа тээвэр, ложистик, Тэрэлжийн аялал жуулчлал бүсийн хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх тэдгээрийг дагасан эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх улс орны хэмжээний ач холбогдолтой юм.

Тус замд иргэдийн санал хүсэлтийн дагуу гурван км тутамд U-turn буюу буцаж эргэх хэсгийг байршуулж өгсөн. Ингэснээр иргэдийн хувьд төв замаас туслах замууд руу саадгүй зорчих боломжтой болсон. Автозамын хувьд дугуйн болон явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг орчин үеийн хот хоорондын замын шаардлагыг бүрэн хангасан аж.

Мөн хот хоорондын замын тулгамдсан асуудлын нэг болох хариулагагүй малд зориулсан тусгай гарц, тунелыг шийдэж өгсөн. Ингэснээр малаас шалтгаалсан зам тээврийн осол буурах юм.

Замын зузааны хувьд 15 см-аар цементээр бэхжүүлсэн суурь, нэмж 15 см-аар буталсан чулуун суурь зэрэг  яг горимын дагуу хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийт 30 см суурин дээрээ 6 см асфальт дэвсээд байна. Нэмээд 4см өнгөт асфальт тавигдах юм.

Эхний ээлжийн замын хөдөлгөөнөө энэ сарын 29 гэхэд нээх аж.