Дайнтай холбоотой хуурамч мэдээллийг үйл явдлын мэдээллээс 8 дахин илүү шэйрэлжээ

Мэдээллийн вэбсайт, фэйсбүүк орчинд тархсан дайны тухай 700 орчим пост, мэдээлэлд хийсэн уг дүн шинжилгээг энэ удаа илүү нарийвчилж, хуурамч мэдээллийн түвшин, шинж чанарыг тодорхойлох зорилготойггор хоёр дахь томоохон шинжилгээг MCIR хийж гүйцэтгээд байна.

Энэ удаагийн дүн шинжилгээгээр 2023 оны нэгдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд зөвхөн фэйсбүүк орчинд тархсан дайнтай холбоотой мэдээлэл болон постуудад анализ хийжээ. 

Агуулгын хувьд Орос улстай шууд холбоотой, манай улсын стратегийн асуудлууд болох эрчим хүч, төмөр зам, цахилгаан станцаас гадна Орос болон АНУ, НАТО, барууны орнуудын харилцаа гэх мэт сэдвийг нэмж тусган, хамааралтай түлхүүр үгсийн тусламжтайгаар 500 орчим мэдээлэл ба постын бааз үүсгэж, шинжилгээ хийснийг тодотгоё.

Мониторингоос хэд хэдэн сонирхолтой үр дүн гарсан ба энэхүү нийтлэлээр дайнтай холбоотой хуурамч мэдээллийг түгээсэн байдлыг онцолж байна. Нийт цуглуулсан мэдээлэлд контент анализ хийж, мэдээллийг зорилгоор нь үйл явдлын, пропаганда, хуурамч, Оросын эсрэг, про-Орос мэдээлэл хэмээн ангилсан. 

Ийнхүү дүн шинжилгээ хийхэд дайнтай холбоотой хуурамч мэдээлэл үйл явдлын мэдээллээс 8 дахин их шэйрлэгдсэн гэсэн үр дүн гарав. Өөрөөр хэлбэл, хуурамч мэдээллийн уншигчид огт нягтлалгүй цааш түгээх нь зонхилж байна гэсэн үг.

Мониторингийн энэ үр дүнгээс харахад нийт мэдээллийн талаас илүү хувь нь Оросын талыг хэт туйлширч дэмжсэн, суртал ухуулга болон хуурамч мэдээллүүд байлаа. 

Тухайлбал, Оросын пропаганда мэдээлэл 24%, Оросыг хэт туйлширч дэмжсэн үзэл бодол 23%, хуурамч мэдээлэл 6%-ийг тус тус эзэлсэн.

Энэ дүнгээс дайнтай холбоотой хуурамч мэдээлэл бага хувийг эзэлсэн мэт харагдаж болох юм. 

Гэхдээ Монголын Фэйсбүүк орчинд хуурамч мэдээллээс илүүтэй Оросыг дэмжихийг хүчтэй ятгаж, ухуулсан, тодорхой тоо, баримт бага, эх сурвалжгүй, ихэвчлэн хоёр орны түүхийг сануулж, барууны орнуудыг ихээхэн харлуулсан пропаганда хамгийн их байгаа нь ажиглагдсан. Тэдгээр пропаганда мэдээлэл түгээгчдийн нэг хэсэг нь өөрийн фэйсбүүк хуудастаа Оросыг дэмжихийг ятгаж, суртал ухуулга хийсэн пост, зураг, бичлэг маш идэвхтэй оруулдаг ч өөрийн хувийн мэдээлэл, зураг огт байдаггүй. 

Нөгөө нэг хэсэг нь өөрийн фэйсбүүк хуудаст огт идэвхгүй боловч олон дагагч нартай группүүдэд маш идэвхтэй, олон давтамжтай постууд оруулдаг байна. Мөн зарим тодорхой аккаунтуудыг харахад дайн болсны нэг жилийн ойн үеэр пропаганда постууд идэвхтэй оруулж байсан бол одоо сонгуультай холбоотой аль нэг улстөрч, намуудыг шүүмжилж, магтсан постууд их оруулж байгаа нь мониторингийн явцад ажиглагдсан юм.

Хариу үйлдлийн тухайд дайнтай холбоотой хуурамч мэдээлэлд дунджаар 583 удаа хариу үйлдэл үзүүлсэн бол нотолгоонд тулгуурласан үйл явдлын мэдээлэлд дунджаар 107 удаа хариу үйлдэл үзүүлсэн байгаа юм.

Нэг үйл явдлын мэдээлэл болон постыг дунджаар 14 удаа шэйрэлсэн байгаа бол нэг хуурамч мэдээллийг дунджаар 110 удаа шэйрэлсэн буюу Орос Украины дайнтай холбоотой хуурамч мэдээллийг Монголын фэйсбүүк хэрэглэгчид үйл явдлын мэдээллээс 8 дахин илүү түгээжээ. 

Жишээлбэл, “Хятадын удирдагч Ши Жиньпин дэлхийн 3-р дайны аюул заналхийлбэл бид холбоотон Оростоо туслах болно” гэсэн нь хуурамч мэдээлэл 7200 орчим хариу үйлдэл авсан ба 6000 орчим нь дэмжсэн, 1100 орчим нь цааш түгээж шэйрэлсэн байна. 

Ийнхүү хариу үйлдлийн хувьд нэг хуурамч мэдээлэл үйл явдлын мэдээллээс дунджаар 2 дахин шэйрлэгдсэн байсан бол дайнтай холбоотой хуурамч мэдээлэл үйл явдлын мэдээллээс 8 дахин их шэйрлэгдсэн байгаа ба энэ нь Оростой холбоотой бүхий л сэдвүүдээс дайнтай холбоотой асуудалд хуурамч, пропаганда мэдээллийн тархац хамгийн их байгааг илтгэсэн юм.

Иймд аливаа мэдээллийг цааш түгээхээсээ өмнө заавал нягталж, баталгаатай эх сурвалжаас мэдээллээ авах мэдээллийн боловсролыг фэйсбүүк хэрэглэгч бүр дадал болгон суулгах шаардлагатай байна.  


Дайнтай холбоотой хуурамч мэдээллийн жишээ:

Энэхүү мэдээлэлд дурдсан ИЛ 96 400М загвартай онгоц нь 2030 он хүртэл захиалга нь дууссан гэдэг нь хуурамч мэдээлэл. Тус загварын онгоцны туршилт амжилттай болсон гэдгээс өөр арилжаанд гаргасан болон худалдан авалтын захиалгатай холбоотой мэдээлэл огт гараагүй. Түүнчлэн ОХУ-д олон улсаас тавьсан хориг арга хэмжээний хүрээнд Оросын агаарын тээврийн салбарт үйлчилгээ үзүүлэх, сэлбэг нийлүүлэхийг хорьсонтой холбогдуулан Оросын агаарын тээврийн салбар нь зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангахад л маш хүндрэлтэй байгаа билээ. Уг пост нь нийт 297 хариу үйлдэл авсан бөгөөд 233 хүн дэмжиж, 34 удаа шэйрэлжээ.


Эх сурвалж: FactCheck.mn

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.