“Токио-2020” Олимп, Паралимп наадмыг зохион байгуулах хороо тус наадмын  бэлгэ тэмдгийн нэрийг өчигдөр танилцууллаа.

Олимпын наадмын бэлгэ тэмдгийг “Мираитова”, харин Паралимпын бэлгэ тэмдгийн нэрийг “Сомейти” гэж нэрлэсэн байна. Бэлгэ тэмдгүүдийн нэрийг зарлах арга хэмжээ Токио хотноо болжээ.

“Мираитова” гэдэг нь “мираи” буюу ирээдүй, “това” буюу үүрд гэсэн утгатай япон үгнүүд бөгөөд нийлэхээрээ гайхалтай ирээдүй үүрд мөнх оршино гэсэн утга агуулгатай болж байгаа ажээ.

Харин “Сомейти” гэдэг нь “сомейёшино” буюу төрөл бүрийн интоорын мод гэдэг үгнээс үүсэлтэй нэр ажээ. Англиар энэ үг нь маш хүчирхэг гэсэн утгыг илэрхийлдэг байна. Энэхүү нэр нь Паралимпын агуу байдлыг илэрхийлэхийн зэрэгцээ Японы ард иргэд интоорын цэцгээрээ бахархдаг байдлыг илтгэж байгаа юм. Эдгээр нэрийг 30 нэрэн дундаас сонгосон байна.

Зуны Олимпын албан ёсны хоёр бэлэг тэмдгийг өнгөрсөн хоёрдугаар сард Японы 16 мянган бага сургуулийн хүүхдүүд дунд явуулсан санал асуулгаар тодруулсан билээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг