Өдөрт хэдэн зуун мянгаараа гарч байгаа аппликэйшнүүдээс таван минут тутамд 30 секундын реклам хүчээр үзүүлдэггүйг нь олох тун хэцүү. Шинэчлэгдсэн App Store-ын Today хэсэг хэчнээн өнгөлөг харагдаж байсан ч итгэхийн аргагүй цөвүүн цаг иржээ. Тоглоом, апп бүтээгч компаниуд рекламны “шуурга”-нд бүгд л орж байх шиг. Рекламаа хойш тавилаа гэхэд чанартай, үнэн зөв мэдээлэлтэй, хакердуулах магадлал бага, найдвартай аппликэйшн ховор. Тэгвэл Popular Mechanics сэтгүүлээс нэрэлсэн 2017 оны шилдэг 10 iOS аппын танилцуулга зөв сонголт хийхэд тань туслах болов уу. 

1.Password (Төлбөргүй)

Нэг хүн наанадаж таван сошиал медиа хаягтай болсон өнөө цагт жижиг, том үсэгтэй, дөрвөөс дээш тоотой, өөрийн болон хайртай хүмүүсийнхээ нэр, төрсөн оноос өөр нууц үг хийж, түүнийгээ эргээд санах бараг л боломжгүй. Инстаграм нээгээд хоёр жилийн дараа sign out хийлээ гэхэд хэн санах билээ. Тэгвэл “1Password’s”-ын шинэ хувилбарын тусламжтай та бүх нууц үгээ найдвартай хадгалуулж болно. Ингэснээр та ганц л нууц үг цээжлэхэд хангалттай. 

2.Chrome (Төлбөргүй)

Бүх iPhone өөрийн гэсэн аппликэйшнүүдтэйгээ ирдэг. Гэхдээ танд Apple-ын программууд таалагддаггүй бол нэн түрүүнд браузераа солих хэрэгтэй. Google компаниас гаргадаг Chrome хайлтын программууд дундаас хамгийн шилдэг нь. Нууцлал бүхий “incognito mode”, ачааллах хурд зэрэг нь таны ажлыг хэд дахин хөнгөвчилнө. 

3.Lyft (Төлбөргүй)

Та гадаадад аялж байхдаа дуудлагын таксигаар үйлчлүүлэх хэрэг гарвал Lyft-ийг татаж аваад цагаа хэмнээрэй. Lyft таныг хаа ч байсан үйлчилгээ үзүүлэхээс гадна энгийн такситай харьцуулахад хямд үнэ санал болгоно. Харин Uber-тэй харьцуулахад жолооч нарт хүнлэг ханддаг ажээ. 

4. Google Photos (Төлбөргүй)

Apple зургийн аппликэйшнээ сайжруулсаар байгаа ч Google-ийн Photos-оос нэг алхмын ард л байсаар байна. Google Photos таны бүх зургийг үүлэн системд хадгалж, тустай үйлдлээр зурагнуудыг ангилж, хайж олоход илүү амар болгодог. Мөн нэг өдөр, нэг газар авахуулсан зургуудыг нэгтгэн богино хэмжээний бичлэг хийнэ. 

5. Sky Guide (Төлбөртэй)

Гараг ертөнцийн хаана нь байгаагаа мэдэхэд тань Star Guide тусална. Энэхүү гайхамшигтай апп одод эрхэс, гараг, зурхайн ордуудын байрлалыг AR буюу баяжуулсан хиймэл дүрстэй төстэй дүрслэлээр харуулдаг. Утсаа аль нэг зүгт чиглүүлэхэд урдах одод, гарагуудын нэрийг харуулах болно. Та үнэгүй хувилбарыг харахыг хүсвэл SkyView-ийг туршиж үзээрэй. 

6. Snapchat (Төлбөргүй)

Снэпчат мянганыхны хэрэглээнээс хальж, бүх насныхны найз нөхөдтэйгөө холбоотой байж, хөгжилдөх хэрэгсэл болжээ. Снэпчатынхан хувь хүмүүсээр хязгаарлагдахгүй, хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүд ч нэгджээ. 

7. Waze (Төлбөргүй)

Та машин жолооддог л бол Waze-ийг туршаад үзэх хэрэгтэй. Waze таны зорчих хурдыг тооцоолж, замчлан, замыг товчлох болно. Мөн таныг осол, камертай улаан гэрлээс хамгаалж, урд тань цагдаа байвал сануулдаг. 

9. Untappd (Төлбөргүй)

Шар айрагт хайртай хүмүүсийн нэгдэх газар бол Untappd. Олон нийтийн сүлжээтэй төстэй энэхүү аппаар та уусан шар айрагныхаа талаар мэдээлэл, үнэлгээ оруулж, бусдын уусан зүйл таалагдвал “Cheers” илгээж болно. Foursquare-ийн адилаар зураг оруулж, ойролцоох сайхан шар айрагтай газруудыг олоорой. 

10. Dark Sky (Үнэтэй)

Тэнгэр одоо цэлмэг байгаа ч хэдхэн цагийн дараа аадар бороо, цасан шуурга болох эсэхийг та мэдэхгүй шүү дээ. Тэгвэл үүнийг Dark Sky-аас асуу. Энэхүү апп таны байгаа газрын цаг агаарыг цаг, минутаар нарийвчлан хэлнэ. Үнэгүй хувилбарыг нь сонирхож байвал Weather Underground-ыг сонирхоорой.