Энэ сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн Мандала хотхонд хүн цонхоор үсэрсэн гэх дуудлага 1 цаг 30 минутын үед тус дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст ирсэн байна. 

Хохирогч 23 настай Ц гэдэг. Уг хэрэгт түүний хамтран амьдрагч, найз залуу 25 настай Боргилыг холбогдуулан шалгаж байгаа юм. 

Амиа алдсан охины ажил явдал өчигдөр болж өнгөрсөн бөгөөд талийгаач охины аав Д.Сүхжаргал хэвлэлийнхэнд хандаж ярилцлага өгчээ. Тэрбээр охиныг нь амиа хорлосон гэж гүтгэж байгаа учраас хууль хяналтын байгууллаггаар эцсээ хүртэл явна гэсэн юм.

Талийгаач 6 сарын өмнө анх найз залуугаа гэр бүлийнхэнтэйгээ танилцуулжээ. Тухайн үед нүдэнд дулаахан энгийн л залуу гэж харсан, гэхдээ зодож дарамталдаг байсныг сүүлд найзуудынх нь явуулсан зургаас мэдсэн гэж аав нь ярьж байна. Энэ тухайгаа "Намайг санаа нь зовчихно гэж бодсон юм болов уу. Тийм юм огт хэлдэггүй байсан. Гэтэл миний охин зодуулж, дарамтад өртдөг байсныг найзуудаас нь сонслоо. Найзууддаа зодуулсан зураг, бичлэгээ явуулж байсан юм байна лээ. Боргил гэгчийг харахаас өмнө уруул ам нь хэгзэрсэн, хөхөрсөн зургаа явуулсан байдаг. Тэр бичлэгүүдийг би цагдаад өгчихсөн. Би энэ хэргийг шударгаар шийдвэрлэж өгөөсэй гэж хүсч байна. О.Боргил цагдаа нарт миний охиныг өөрөө үсэрчихсэн гэж хэлсэн гэсэн. Миний хувьд маш их гомдолтой байна" гэжээ.

О.Боргилыг цагдаагийн байгууллага 72 цаг саатуулж байгаад батлан даалтгаар гаргаад байгаа билээ.