Хэд хэдэн улсын хууль сахиулах байгууллагын ажилтнууд оролцсон тусгай ажиллагааны явцад GozNym гэдэг хортой программ ашиглан 40 мянган хүнээс 100 сая гаруй доллар луйвардсан олон улсын хакеруудын бүлгийн гишүүдийг баривчилсан байна.

Тусгай ажиллагаанд АНУ, Болгар, Герман, Гүрж, Молдов ба Украины цагдаа нар оролцжээ.

Хакерууд Nymaim ба Gozi гэдэг хоёр хортой программ хангамжийн нэгдэл болох GozNym программыг ашиглан онлайн-банкинд нэвтэрдэг хохирогчдын нууц үгүүдийг хулгайлан авч байжээ. Хохирогчдын дотор жижиг бизнес эрхлэгчид, өмгөөллийн фирмүүд, олон улсын корпорациуд ба буяны байгууллагууд олон байна.


Хакеруудын бүлгийн 10 гишүүнд АНУ-ын хуулийн дагуу ял тулгаад байгаа бол бүлгийн ахлагч ба түүний туслахыг Гүржийн хуулиар шийтгэх аж. Хакеруудын дотор Оросын 5 иргэн байгаа бөгөөд Интерполын таамаглаж байгаагаар, тэд ОХУ-ын нутаг дэвсгэрт нуугдан орогнож байгаа бололтой. Бүлгийн өөр нэг гишүүнийг АНУ-аас Болгарт шилжүүлэн өгсөн бол хоёр хакерыг Германы прокурорууд мөнгө угаасан хэрэгт буруутгаж байна. 


Английн Суррей их сургуулийн Мэдээлэл зүйн тэнхимийн профессор Алан Вудворд-ын ярьснаар, хортой программ хангамж зохион бүтээгчид нь “бараа”-гаа худалдсанаар гэмт хэрэгтнүүд банкны дансанд хууль бусаар нэвтрэх болсон байна. Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийнхэн хар тамхины наймаанаас кибер гэмт хэрэг рүү шилжиж байгаа аж.   


Эх сурвалж: Монцамэ агентлаг