Түүхэн дэх хамгийн үнэтэй буюу нэг хүн 55 сая ам.доллар төлж Олон улсын сансрын станцад /ОУСС/ хоёр долоо хоногийг өнгөрүүлсэн сансрын аялагчид 25-ны өдөр эх дэлхийдээ эсэн мэнд буцаж ирлээ.

Тодруулбал, хувийн сансрын станц байгуулахаар ажиллаж буй Америкийн сансар судлалын Axiom Space компанийн 'AX-1' ажиллагаанд оролцсон дөрвөн энгийн иргэн SpaceX-ийн удирдлагатай капсулаар буцаж ирсэн юм.

Тэднийг тээвэрлэж явсан сансрын хөлөг ОУСС-аас хөөрч, 16 цаг нисэж АНУ-ын Флорида мужийн эргээс холгүй Атлантын далайд шүхрээр газарджээ.

Уг багт 63 настай НАСА-гийн сансрын нисгэгч асан Майкл Лопез-Алегриа, 72 настай Аxiom Space компанийн бизнес хөгжүүлэлтийн дэд ерөнхийлөгч, бизнес эрхлэгч Ларри Коннор, 64 настай Израилийн Агаарын цэргийн хүчний нисгэгч Эйтан Стив, 52 настай Канадын санхүүч Марк Пасси нар багтжээ.

Тэд өнгөрөгч 8-ны өдөр дэлхийгээс хөөрч 9-ний өдөр сансрын станцад хүрэлцэн очсон юм. Эхэндээ 8 хоног аялахаар төлөвлөсөн ч цаг агаарын улмаас буцах хуваарийг хойшлуулж дахин 7 хоногийг сансарт өнгөрүүлсэн аж.

Энэ үйл явдал зөвхөн энгийн иргэдээс бүрдсэн баг сансрын станц руу амжилттай аялсан анхны аялал болон тэмдэглэгдэн үлдлээ.