Монгол Улсын нийслэлд, Зүүн Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулахаар болов.

МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нар Зүүн Азийн  хөлбөмбөгийн холбооны 9 дүгээр конгресс болон Гүйцэтгэх хорооны 55, 56  дахь хуралд оролцжээ.

Зүүн Азийн ХБХ-ны ерөнхийлөгчийн сонгууль болж БНСУ-ын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мон Гю Чун сонгогдон 2018-2020 онд Зүүн Азийн хөлбөмбөгий холбоог тэргүүлэн ажиллахаар болов. МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар Зүүн Азийн ХБХ-ны удирдах зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдлоо. Тус холбоо цаашид бүс нутгийн нягт хамтын ажиллагаа болон хөгжилд ихээхэн анхаарч ажиллахаар санал нэгдэв.

Энэ үеэр чухал ач холбогдолтой Е1 буюу бүсийн аварга шалгаруулах тэмцээн, өсвөрийн U15 насны тэмцээний 2018 оны хуваарийг баталлаа. Е1 буюу бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлтээ өгсөн саналуудыг хэлэлцэхэд Монгол Улс олонхийн санал авч тэмцээний нэгдүгээр шатны тоглолтуудыг эх орондоо зохион байгуулахаар шалгарлаа.

МХБХ-ны  Ерөнхийлөгч А.Ганбаатар 2018 оны 9 сард уг тэмцээнийг эх орондоо зохион  байгуулах бэлтгэл ажлыг хангаж, зочин тамирчдыг дээд зэргээр хүлээн  авахаа илэрхийлсэн юм. Энэхүү тэмцээнийг эх орондоо зохион байгуулах нь  Монголын хөлбөмбөг сонирхогчдод Ази тив, бүс нутгийн хөлбөмбөгийн  түвшинг харах, олон улсын тэмцээнүүдийг үзэх боломжийг олгох бол манай шигшээ багийн хувьд Ази тивдээ өөрсдийн түвшин, ур чадварыг сорих боломж нээгдэх юм.