"Засгийн газраас гаргасан тогтоол хэрэгжсэнээр утаа 50 хүртэлх хувиар буурна"

Б.Баясгалан
12 сарын 14, 2018

Сүүлийн 20-иод жил утааны талаар ярьж, бичиж, тэмцэж байгаа ч төгс шийдлийг олоогүй. 

Харин Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоол хэрэгжсэнээр агаарын бохирдол 50 хүртэлх хувиар буурна гэж судлаачид үзэж байна. 

Тодруулбал, ирэх оны 5 дугаар сарын 15-аас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гарсан. Энэ хүрээнд МХЕГ, НМХГ хамтран “Тавантолгой түлш” ХХК-ийн  сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцан, өнгөрөгч 09, 10 дугаар сард гүйцэтгэсэн хяналт шалгалтын үеэр илэрсэн дутагдлыг арилгуулах, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, борлуулсан түлшний уутыг шатаалгахгүй байх талаарх зөвлөмж өгч, цаашид  байгаль орчин, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллахаар тохиролцов.

Мөн тус компанийн үйлдвэрлэж буй сайжруулсан түлшнээс дээж авч Геологийн төв лабораториор шинжлүүлэхэд “Сайжруулсан түлш” MNS 5679:2014 стандартын чанарын шаардлагыг хангасан дүн гарчээ.

Одоогоор уг үйлдвэр нь бүтээгдэхүүнээ Сонгинохайрхан дүүргийн сайжруулсан шахмал түлш борлуулах цэгт 25 килограмыг нь 3750 төгрөгөөр борлуулж байгаа аж. 

Хэрэглэгчид “Сайжруулсан түлш нь эдийн засгийн хувьд нүүрснээс 3 дахин хэмнэлттэй буюу нэг уут шахмал түлш 3 уут нүүрстэй тэнцдэг, илчлэг чанар нь өндөр, утаа ялгаруулалт эрс багассан” хэмээн ярьж байна.  

Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хоёр үйлдвэр нь 2019 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж жилдээ 700 мянган тн утаагүй, илчлэг өндөр түлш үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. 

Улаанбаатар хотод 220 мянган айл жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс түлдэг бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тонныг түлснээр агаарын бохирдлыг 50 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэж судлаачид тооцож байна.  

Эх сурвалж: МХЕГ

Холбоотой сэдвүүд

нүүрс сайжруулсан түлш утаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.