Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Баянзүрх дүүрэгт үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх, жагсаал суулт хийж байгаа иргэдийн шаардлагад хариу өгөх” түр ажлын хэсэг байгуулж, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулан ажиллуулж байгаа юм. Ажлын хэсэгт НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, НИТХ-ын Хуралдаан зохион байгуулалт, иргэний оролцооны хэлтсийн дарга М.Халтар, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хууль, эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нар багтсан байна.

Ажлын хэсгийнхэн өчигдөр /2019.04.19/ Баянзүрх дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид болон шаардлага тавьж буй дүүргийн иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулав. Уулзалтад дүүргийн Засаг даргаар томилогдсон НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан болон НИТХ-ын төлөөлөгч Ч.Ганзориг, Н.Баярмөнх болон жагсаалд оролцогч иргэдийн төлөөлөл  ирсэн юм. Дүүргээс сонгогдсон АН-ын төлөөлөгчид уулзалтад ирсэнгүй.


Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан уулзалтын эхэнд,

“Монгол Улсын хүн амын 10 гаруй хувь нь амьдарч буй Баянзүрх дүүрэгт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр та бүхнийг хүлээн авч уулзаж байна. Баянзүрх дүүргийн иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хэвийн явуулах хэрэгтэй. Энэ асуудлыг өнөөдөр та бүхэнтэй ярилцахаар товлоод байна. Та бүхний хувьд Үндсэн хуульд заасан эрхээ эдлээд жагсаж цуглах эрх нээлттэй. Гэхдээ төрийн захиргааны байрыг эзлэн түрэмгийлж хэрхэвч болохгүй. Нийслэлийн Засаг даргын тамгын газарт Баянзүрх дүүргээс өдөр бүр маш олон өргөдөл гомдол ирж байна. Төрийн захиргааны байрыг хүчээр эзэлж 360 мянган иргэний эрх ашгийг зөрчсөөр байвал бид албадан чөлөөлөх арга хэмжээг авна. Нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэр болон дахин сонгуулийг зохион байгуулахдаа энэ хуулийг ингэж зөрчсөн гэдэг ямарч байгууллагын дүгнэлт шийдвэр гараагүй” хэмээв.

Өнгөрсөн сард Баянзүрх дүүрэгт болсон нөхөн сонгуулийн дүнг эсэргүүцэж тус дүүргийн АН-ын гишүүд, дэмжигчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид шаардлага хүргүүлж, хотын захиргааны байрны үүдэнд  суулт зарлаад байсан юм.

Тэдгээр иргэдийн төлөөлөл болж уулзалтад оролцсон иргэдиййн зүгээс “Дахин сонгуулийг зарлахдаа хүчингүй болсон хуулийн заалтыг ашигласан, МАН-ын төлөөлөгчид олонхи болоогүй, тийм атал Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг хууль бусаар батламжилсан тул өөрийн захирамжаа цуцлахыг шаардаж байна” гэв.

Шаардлага тавьж байгаа эдгээр иргэдийн дунд Баянзүрх  тус дүүргийн  19 дүгээр хорооны Засаг дараг н.Батцэнгэл, 16 дугаар хорооны Засаг дарга А.Ганчимэг, дүүргийн ИТХ-ын дарга гэх Ш.Ганчимэгийн жолооч н.Ууганбаяр нар оролцсон бөгөөд тэд бухимдсан, үзэл бодлоо тулгасан байдлаар байр сууриа илэрхийлэв.

Үүний дарга ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нийслэлийн төр захиргааны байрны гадаа сууж байгаа иргэдтэй уулзаж, тэдний санал сэтгэгдлийг сонслоо.