Сар шинийн өдрүүдэд нийслэл болон аймгууд руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах эсэх асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл өгөв.

Тэрээр "Монгол Улсын Ерөнхийлөгч Цагаан сарыг тэмдэглэхгүй байх талаар зарлиг гаргасан. Зарлигийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор бид автозам, агаарын тээвэр, төмөр замын хөдөлгөөнийг гадаад чиглэлд хязгаарласан. 

Битүүн, шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд иргэд хөдөө их явдаг. Тиймээс энэ үеэр хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд хязгаарлах шаардлагатай гэж ярьж байна. Үүнийг баталгаажуулах эсэхийг Улсын онцгой комиссын маргаашийн хурлаар шийдвэрлэнэ. Орон нутаг руу зорчиж буй хүмүүсийн 90 гаруй хувь нь хувийн тээврийн хэрэгслээр явж байна. Хот доторх хөдөлгөөнийг хязгаарлахгүй. 

Зарим аймаг хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан ч хэрэгжих хугацаа нь болоогүй. Тиймээс Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрээр эцэслэн шийдэгдэнэ" гэв.