Өчигдөр буюу бямба орой БНХАУ-ын баруун хойд нутгийн Ганьсу мужийн хурдны зам дээр гарсан зам тээврийн томоохон ослын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж, 15 хүрсэн байна.

Орон нутгийн засаг захиргаанаас мэдээлснээр, амиа алдсан хүмүүсээс гадна 44 хүн гэмтэж бэртсэн бөгөөд зарим хүний биеийн байдал тун хүнд байгаа аж.

Хүнд даацын автомашины жолооч анхаарал болгоомж алдсаны улмаас цувж явсан 31 автомашиныг мөргөсөн бөгөөд уг осол орон нутгийн цагаар оройны 19:20 цагийн орчимд гарсан байна.

Ачааны тэрэгний жолооч хөнгөн бэртсэн бөгөөд цагдаагийн бие бүрэлдэхүүн түүнийг байцааж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа ажээ.

Мөн Ганьсу мужийн удирдлагууд муж даяарх хурдны замуудын аюултай хэсгүүдэд хяналт шалгалт хийхийг үүрэг болгоод байгаа юм.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/Xinhua/