Ицхак Адизес

ЭРҮҮЛ АМЬДРАЛААР АМЬДРАХЫН ТУЛД АМЬДРАЛЫН ЗОРИЛГОТОЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Виктор Франкл энэ тухай өөрийн номондоо маш сайн тайлбарласан байдаг. Түүнийг хорих лагерьт хоригдож байх үед хамт байсан хоригдлуудаас нь амьдралын утга учир, амьд үлдэх зорилго, шалтгаантай хүмүүс л тэндээс амьд гарч чаджээ.

УТГА УЧРЫГ ТЭГЭЭД ХААНААС ОЛОХ ВЭ ГЭЖ ҮҮ?

Би олон жилийн турш олон компанид зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан. Тэгээд компанийн үйл ажиллагаанд утга учир өгдөг нэгэн зүйлийг олсон. Түүнийг амьдрал дээр ч ашиглаж болно. 

Энэ хорвоо ертөнц дээр чухам яах гэж амьдарч байгаа юм бол, амьдрал гэж юу юм бэ гэж өөрөөсөө асуухаа боль. Энэ асуултууд хийсвэр бөгөөд утгагүй тул хариулт өгөх боломжгүй.

Миний мэдэх 4 хэлээр “Яах гэж” гэдэг үг “Юуны төлөө” гэдэгтэй утга адил байдаг: Испани хэлээр porque, paraque; славян хэлээр – za sto, zasto; ивритээр – lama, l’ama.

Ийм учир “Яах гэж” гэдэг асуултыг “Юуны төлөө” гэж орлуулаад, “Юуны төлөө энэ хорвоод ирсэн юм бэ” гэж асуугаад үзээрэй. Дараа нь “Юуны төлөө” гэдгээ “Хэний төлөө” гэж орлуулаарай. 

Компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлж байхдаа би: “Таныг дампуурахад хэн таны дэргэд үлдэх бол?” гэж асуудаг. Таны нэрлэсэн тэр хүмүүсийн төлөө л та амьдарч байгаа. 

ТАНД ӨГЛӨӨ БҮР ОРНООСОО БОСОХ ШАЛТГААН ХЭРЭГТЭЙ

Эрүүл мэндээ хадгалж, утга учиртай амьдралаар амьдрахын тулд та бүх сэтгэл зүрхээрээ итгэдэг тэр нэгэн зүйлээ олох хэрэгтэй. Түүндээ бүх амьдралаа зориул. Сайн дураараа цаг, хүчээ зарцуул. Мөнгө төлөөд л болчихно гэж бүү бод, тэр бүтэхгүй. Цагаа зарцуул. Танд өглөө бүр орноосоо босох шалтгаан хэрэгтэй. Ингэж л та урт насална.

Тэгэхээр, та юуны төлөө өглөө бүр босдог юм бэ? Энэ асуултад хариулах нь “Би яах гэж амьдардаг юм?” гэсэн популист асуултад хариулахаас хамаагүй амар. 

Хариулж чадахгүй байвал дараагийн асуултыг тавья: “Та хэний төлөө амьдардаг юм бэ?”

Амьдрал бол амархан. Түүний утга учрыг олох нь санагдаж байгаагаас илүү амар байдаг. 

НОЙР, СПОРТ, ДЭГЛЭМ

Хүмүүс бидэнд байгалийн хэмнэлд нийцсэн, сэрүүлгийн дуунаар сэрдэггүй, гүн нойр хэрэгтэй байдаг. Унтах нойронд маань дуу чимээ, гэрэл зэрэг юу ч саад болох ёсгүй, унтлагын өрөө сэрүүвтэр бөгөөд агааржилт сайтай байх ёстой юм.

Дасгал хөдөлгөөний хувьд аэробикийн төрлийн, биеийн хүчний болон сунгалт, тэнцвэр олоход чиглэгдсэн гэсэн хамгийн чухал 3 төрлийн дасгалыг хийж хэвших хэрэгтэй.

Зөв хооллолтын тухайд маш олон төрлийн үзэл бодол, зөвлөгөө байдаг. Тэр бүхнээс миний баримталдаг нь элсэн чихэр, давс, өөх тосгүй цагаан хоолны дэглэм юм.

Гэсэн хэдий ч нойр, дасгал хөдөлгөөн болон зөв хооллолтыг хэвшүүлэх нь хангалтгүй. Амьдралын зорилготой байх хэрэгтэй. Амьдралын утга учир чухал. Эс бөгөөс бид хөгширч, амьдрах хүслээ гээж, эрч хүчээ бардаг.


АМЬДРАЛЫН ЗӨВ ХЭВШИЛ БОЛОН МЕНЕЖМЕНТИЙН НИЙТЛЭГ ТАЛ ЮУ ВЭ? 

Амьдралын зөв хэвшлийн үндэс бол нойр, дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм байдаг. Харин үүн дээр менежментийн үндэс буюу PAEI үүргүүдийг нэмэхэд: P (producing results) үр дүнгийн үйлдвэрлэлийг - дасгал хөдөлгөөн, А (administration) захиргааны удирдлагыг - хооллолт гэж, (integrating) интеграцчлалыг – нойр гэж орлуулъя.

Үүргүүдийг чухам яагаад ингэж хуваарилсан бэ ? 

  • Дасгал хөдөлгөөн бол биеийн хүчний үйл ажиллагаанд тооцогдож P буюу үйлдэл гэдэгт тохирч байна. 
  • Эрүүл хооллох дадлыг хэвшүүлэхийн тулд та өөрийгөө хянаж, юу идэж байгаадаа анхаарах хэрэгтэй тул хяналт = А (удирдлага) болж байна. 
  • Хүн унтаж байх үед бие махбод амарч, тайвширч, нөхөн сэргэж байдаг тул I интеграцчлалтай дүйцэж байна. 

Амьдралын зөв хэвшилд зорилго буюу E (entrepreneuring) дутагдаж байна.