Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, бүх сургууль, цэцэрлэгийн хорио цээрийг энэ хичээлийн жилийг дуустал үргэлжлүүлэхээр болжээ.

Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх сургууль, цэцэрлэгийн танхимын хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоосныг есдүгээр сарын 01-н хүртэл сунгалаа. Теле хичээл зургадугаар сарын 01- хүртэл үргэлжилнэ. Үүнтэй холбоотой хэд хэдэн зохицуулалт хийж байна.

- ЕБС-ийн сурагчдын жилийн эцсийн дүнг танхимаар хичээл орж байсан үе болох хоёрдугаар улирлын дүнгээр тооцож, анги дэвшүүлнэ. Хүүхэд улирах асуудал байхгүй.

- Цэцэрлэг, нэгдүгээр анги, зарим хувийн сургуулийн элсэлтийн бүртгэл хавар явагддаг. Үүнийг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Тэгэхээр цэцэрлэг, нэгдүгээр ангийн бүртгэл хавар явагдахгүй.

- Сургууль, цэцэрлэг хичээллэхгүй учир дөрөвдүгээр сарын 15-наас улс даяарх бүх сургууль, цэцэрлэгийн халаалт, цахилгааныг зогсоож, төсвөө хэмнэнэ.

- Одоогийн байдлаар элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 02-05нд зохион байгуулах хэвээрээ. Долдугаар сарын 08-09-нд их, дээд сургуулиудаар цахимаар элсэлтээ авна. 

- Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүүхдүүдээс энэ жил Монгол хэл, бичгийн шалгалт авахгүй. Бүх хүүхэд ЭЕШ өгөх боломжтой.

- Есдүгээр анги төгсөх хүүхдүүдэд энэ жил улаан шугам тавихгүй" хэмээлээ.

Улсын онцгой комиссын дээрх шийдвэрүүдийг Засгийн газар баталгаажуулна.