Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 05 дугаар сарын 31-нийг дуустал сунгасан. Энэ хугацаанд олон улсын нислэгүүдийг үйлдэхгүй, гадаадад байгаа иргэдээ шат дараатайгаар тусгай үүргийн онгоцоор авчрах юм.

Мөн тус хурлаар Сүхбаатар аймгийн Бичигт, Ховд аймгийн Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Халдвар, ариутгал, хамгааллын дэглэмийг тавьсан шаардлагын дагуу мөрдөж ажиллахыг холбогдох газруудад үүрэг болгов. МХЕГ-аас хяналт тавьж ажиллана.

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд, Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн боомтуудаар төмрийн хүдэр, нүүрс, жонш гэх мэт уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспортыг өнгөрөгч 3 дугаар сард дахин эхлүүлсэн бөгөөд мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэл хийн, ажиллах хүчийг хамгаалах хэрэгслээр ханган тээвэрлэлтийг явуулж байна.