БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл болон, Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. 

Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс цэцэрлэгийн багш нарын илүү цагийн мөнгө олгогдохгүй байгаад анхаарал хандуулж өгөхийг өмнөх уулзалт дээр уламжилсан. Сайд энэ асуудалд тодорхой хариулт өглөө. Энэ оны Төсвийн тухай хуульд багш нарын илүү цагийн мөнгө төсөвлөгдсөн. Тодорхой заалтад өөрчлөлт оруулах асуудлыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд оруулах болно. Тиймээс илүү цагийн мөнгө багш нарт олгогдох болно гэлээ. 

Мөн тус холбооноос яам Үйлдвэрчний эвлэлийн холбоодтой харилцан ойлголцож, хамтран ажиллах, шийдвэр гаргах төвшинд саналыг нь сонсдог байх хүсэлтээ илэрхийллээ. 


1996 оноос хойш зохион байгуулаагүй Монголын багш нарын долдугаар их хурлыг энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулна. Багшийн нэр хүндийг өсгөх, эрхийг нь хангах, хөгжүүлэх чиглэлээр дээрх хурлаас зөвлөмж гаргах юм. Хурлын зохион байгуулалтын ажилд Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо оролцохоор боллоо. 

Тус Үйлдвэрчний эвлэлийн холбооноос сайдын эхлүүлсэн “Цөм” хөтөлбөрийн агуулгыг засаж сайжруулах, их дээд сургуулийг чанаржуулах, их дээд сургуулийн цогцолбор байгуулах ажлыг судлах зэрэг амаргүй ажлуудыг зоригтойгоор эхлүүлсэнд талархаж байна. Зарчмын хувьд эдгээр ажлуудыг дэмжиж байна гэдгээ илэрхийллээ. 

                  Шинжлэх ухааны ажилтнуудад тэтгэвэр тэтгэмж тогтоолгоход хүндрэл учирдаг  

Мөн өдөр Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагатай уулзсан. Шинжлэх ухааны ажилтнуудын тухайд нэг байгууллагадаа тасралтгүй олон жил ажиллах нь ховор, гадаад дотоодод судалгааны ажлаар шилжин ажиллах нь олонтаа байдаг байна. Үүнээс шалтгаалан тэтгэвэр тэтгэмж тогтоолгоход гардаг хүндрэлийн талаар дурдлаа. Иймд Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хуульд тодорхой заалтуудыг засаж оруулахыг хүслээ. 

Хүрээлэнгүүдийн барилга байгууламж, хуучирч муудсан, дулаан алдагдал ихтэй, шаардлага хангахгүй болсон зэрэг нөхцөл байдлыг анхааралдаа авахыг сайдаас хүслээ.


Эх сурвалж: БСШУСЯ