Японд “PCR” оношилгоонд хамрагдахад биеийн халуун дөрөв буюу түүнээс дээш өдөр 37.5 хэмээс дээш байхыг шаардлага болгож буй. Японы “Шимизү” барилгын томоохон компанийн ажилтан энэ сарын 13-ны өдөр халуурч, улмаар өөрийгөө гэртээ тусгаарлаж байх хугацаандаа “PCR” оношилгоонд “хамрагдаж амжилгүй, нас барсан” тохиолдол гарав. 

Улмаар нас барсны дараа нь түүнд хийсэн “PCR” оношилгооны дүн 13-ны өдөр “эерэг” гарсан нь “оношилгоод хамрагдах шалгуур, шат дарааллыг хялбаршуулж, цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлагатайг илтгэж байна” хэмээн суугаа орны хэвлэлүүд онцолж байна.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги 14-ний өдрийн хэвлэлийн бага хурлаар “Хилийн чанадаас манай 6400 иргэн нутагтаа ирээд байна. Эх орондоо буцан ирэх хүсэлтэй 2000 гаруй иргэн эдүгээ хилийн чанадад буйгаас энэ долоо хоногт багтааж 1200 иргэнийг татахаар ажиллаж байна. Нэн ялангуяа хөгжиж буй улс орнууд, коронавируст халдварын дэгдэлт өсөн нэмэгдэж буй, эмнэлгийн салбарын тогтолцоо төдийлөн сайн бус улс орнууд дахь өөрийн иргэдээ ойрын хугацаанд нутаг буцаахад үргэлжлүүлэн анхаарч ажиллах болно” гэв.

Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд К.Като “Японы 42 мужаас 25 мужийн захиргаа нутаг дэвсгэртээ зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоохоор ажиллаж байгаа” талаар мэдээлэв.

Японы эрх баригч Либерал Ардчилсан нам, түүнчлэн Үндсэн хуульт ардчилсан нам зэрэг улс төрийн хүчнүүд Парламентын гишүүдийн цалинг ирэх сараас эхлэн нэг жилийн хугацаанд 20 хувиар бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллахаа мэдэгдэв.

Японы “NTT” гар утасны оператор компанийн судалгаагаар энэ сарын 7-ны өдөр онц байдал зарласнаас хойшхи долоо хоногийн хугацаанд Токио, Осака хотууд дахь зорчих хөдөлгөөн энэ оны 1, 2 дугаар саруудын мөн үеийнхтэй харьцуулахад 60 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

“Эн-Эйч-Кэй” мэдээллийн агентлагаас 3-ны өдөр олон нийтийн дунд явуулсан санал асуулгад оролцогсдын 42 хувь нь Япон Улсын Засгийн газраас айл өрх бүрт 2 ширхэг амны хаалт олгохоор шийдвэрлэснийг “огт үнэлэхгүй байна” гэв. Мөн онц байдал хэсэгчилэн зарлаж, хүмүүс хоорондын харьцаа /contact/-г 70-80 хувь бууруулах тухайд 48 хувь нь “боломжгүй гэж үзэж байна” гэжээ.



Эх сурвалж: Япон дахь Монгол Улсын Элчин сайдын яам