Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас хулгайлсан гэх хэрэг өнгөрсөн баасан гарагт гарсан. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч М.Мөнхшүр өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр мэдээлэлдээ "Энэ сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт гадаад царайтай хүнийг нүүрэндээ маск зүүсэн үл таних гурван хүн машинд хүчээр суулгаж авч явлаа гэсэн мэдээлэл иргэнээс ирсэн. Үүний дагуу Эрүүгийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн мөрдөн шалгах хэлтэс, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр цагдаагийн хэлтсээс ажлын хэсэг гарч ажилласан. 

Турк сургуулийн захиралтай холбоотой асуудлаар Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгууллаттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хуулийн 13.2.1 заасны дагуу хүнийг хулгайлах гэдэг зүйл ангиар хэрэг бүртгэл нээгээд, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Уг зүйл ангийн дагуу хүнийг хулгалсан гэдэг нь тогтоогдвол гэмт этгээдийг 1-5 жилийн хорих ялаар шийтгэдэг. 

Одоогоор тус гурван этгээдийг олж тогтоогоогүй. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Хохирогчийг хамгаалах хэлтсээс Турк сургуулийн захирал Вейсел Акчайг хамгаалалтад авсан" гэдгийг хэллээ.