Өвөрмонголын хотуудын гудамжинд цэргийн хуягласан техникүүд сүүлийн хоёр хоног үзэгдэж эхэлсэн тухай дүрс бичлэг Tiwtter сүлжээнд тархжээ. Энэ нь БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны томоохон хотуудад гараад байгаа "хос хэлний бодлогыг" эсэргүүцсэн иргэдийг баривчлах, нухчин дарах явдал гарч магадгүй гэсэн айдас, болгоомжлол гарч байна.

 

Бага, дунд болон дээд боловсролын хичээлийг монгол хэлээр орохыг хориглож, зөвхөн хятад хэлээр 9 дүгээр сараас эхлэн заах тухай Хятадын коммунист намын бодлого шийдвэрийг эсэргүүцсэн мянга мянган өвөр монгол иргэд олон өдөр гудамжинд эсэргүүцлээ тайвнаар илэрхийлсээр байгаа билээ.

Энэхүү эсэргүүцэл Хонконг, Төвд, Шинжаанд болсон үйл явдал шиг даамжирч магадгүй байна.  Учир нь Хятадын сургуулиуд өвөрмонгол хүүхдүүдийг эцэг эхэд нь өгөхгүй, сургуульд дээр нь хорьж байгааг эсэргүүцсэн иргэд цагдаа нартай багагүй асуудал үүсгэжээ.

Үүнээс болж эцэг эх дээрээ очмоор байна гэж хашгирч буй нэгэн хүүхэд сургуулийн дөрвөн давхарын цонхноос унаж нас барсан эмгэнэлтэй хэрэг гарсан байна. Үүнээс болж өвөрмонгол иргэд хүүхдүүдээ гэртээ цоожилж ажилдаа явж байгаа аж.

Өнгөрсөн Даваа гаригт орон нутгийн боловсролын асуудал хариуцсан төрийн байгууллагаас зөвхөн хэл, уран зохиол, улс төр, түүхийн хичээлийг мандарин хятад хэлээр орно, бусад хичээлд өөрчлөлт ороогүй гэж мэдэгдэж байна. Мөн боловсролын байгууллагуудад 8 зүйлтэй шаардлага хүргэсэн байна. Энэ тухай Өвөрмонголын дээд сургуулийн удирдлага яаралтай хуралдсан байна.

Шаардлагад:

1. Энэ бол Дундад иргэн улсын нэгдүгээр даргын тушаал, түүний шууд удирдлага дор явуулж байгаа төрийн бодлого.

2. Хос хэлний төрийн бодлогыг эсэргүүцэж байгаа нь гадаадын өдөөн хатгалга. Гадаадын өдөөн хатгалагад автсан хүнийг шууд баривчилна. 

3. Хятад хэлийг сайн сурья гэсэн малчин түмний хүсэл шаардлагаар явагдаж байгаа.

4. Улаанхүүгийн биелүүлээгүй хүслийг биелүүлж байна. 

5. Хос хэл гэж нэрлэх нь үндсэн хуулийн бус. 

6. Үндсэн хуульд хийх холбогдох өөрчлөлтийг ирээдүйд хийнэ. 

7. Ямар нэгэн нөхцөлгүйгээр бүгд дагах ёстой. 

8. Бүх хэлбэрийн эсэргүүцлийг зогсоох ёстой гэсэн байна.